
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Царамтайн Арвай” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, импортыг орлох, инновац, дэвшилтэт технологи шингээсэн үндэсний үйлдвэрлэгчдийн өнөөгийн бодит нөхцөл байдал, үйлдвэрлэлийн хөгжил, тулгамдаж буй асуудал болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо.
Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хамгаалахад сав баглаа боодлын сонголт, үйлдвэрлэлийн технологи, түүхий эдийн чанар чухал үүрэгтэй. Энэ чиглэлээр дотоодын хэрэгцээг хангах, импортын бүтээгдэхүүнийг орлох зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол “Царамтайн Арвай” ХХК юм.

Тус компани 2016 оноос сав баглаа боодол, шошго, хүнсний болон ахуйн зориулалттай төрөл бүрийн уут, баглаа боодлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.
Анх зургаан тоног төхөөрөмж, гурван ажилтантайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол өнөөдөр 50 гаруй тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэлийн хүчин чадалтай болж, түүхий эдийн боловсруулалтаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн үе шатыг дотооддоо гүйцэтгэж байна. Одоогоор хоёр үйлдвэр ажиллуулж байгаа бөгөөд гурав дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтаа эхлүүлжээ.


Үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөлд хүнсний болон ахуйн хэрэглээний уут, ундаа усны шошго, агшдаг ПЕТ шошго, автомат савлагааны зориулалттай рулон материал, өнгөт багцлагч зэрэг багтдаг. Тухайлбал, есөн өнгөөр хэвлэх дэвшилтэт технологи нь захиалагч байгууллагын брэндийн өнгө, дизайн, бүтээгдэхүүний онцлогт нийцсэн сав баглаа боодол үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. Үйлдвэрлэлийн дамжлагад хэвлэх, зүсэх, уутлах, торлох зэрэг шат дамжлага багтдаг бөгөөд тоног төхөөрөмжийн хүчин чадлаар нэг минутанд 400 хүртэлх хэвлэл хийх боломжтой.
Үйлдвэрлэлийн нэг онцлох чиглэл нь байгальд ээлтэй, цардуулд суурилсан эко тор юм.
Хуурай хүнсний бүтээгдэхүүн, хөлдөөсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний савлагаанд ашиглах боломжтой тус материал нь цардуулын гаралтай түүхий эдээр хийгддэг бөгөөд үйлдвэрлэгчийн танилцуулснаар тохиромжтой нөхцөлд 360 хоногийн хугацаанд байгальд задарч, хөрсөнд бордоо болон шингэх боломжтой.
Мөн үйлдвэрлэлийн явцад гарсан хуванцар хаягдлыг дахин боловсруулж, уул уурхайн салбарт ашиглах зориулалттай туузан материал үйлдвэрлэхэд нийлүүлдэг нь хаягдлыг бууруулах, түүхий эдийг эргэлтэд оруулах шийдэл болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:
“Үндэсний үйлдвэрлэгчид маань дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаад зогсохгүй, импортын бүтээгдэхүүнийг орлох, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр бодитой ажиллаж байна. Ялангуяа сав баглаа боодлын үйлдвэрлэлд байгальд ээлтэй, задардаг эко торны шийдэл нэвтрүүлж байгаа нь онцлог. Үйлдвэрлэгчдийнхээ санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлыг нь ярилцан, цаашдын хөгжлийг нь дэмжих нь “Хүнсний хувьсгал”-ын зорилготой салшгүй холбоотой. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал юм.”

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол нь зөвхөн бүтээгдэхүүнийг гадны нөлөөллөөс хамгаалах үүрэгтэй бус, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
Монгол Улсад хүнстэй хүрэлцэх сав баглаа боодлын материалд MNS 5684, MNS 6976, MNS 6977 зэрэг стандарт, техникийн шаардлага үйлчилдэг. Эдгээр нь савлагааны материалаас хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ, хүнстэй хүрэлцэх хуванцар материалд ашиглах бодис болон сав баглаа боодлын аюулгүй байдлыг зохицуулдаг.
“Царамтайн Арвай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жавхланбаяр:
“Үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг бодитоор дэмжиж, санал бодлыг нь сонсон, цаашдын хөгжлийн талаар ярилцаж байгаад талархаж байна. Бидний хувьд сав баглаа боодол үйлдвэрлэнэ гэдэг зөвхөн уут, шошго хийх асуудал биш. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнтэй шууд хүрэлцдэг савлагаа нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх ёстой. Тиймээс түүхий эдийн сонголт, үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналтад онцгой анхаарч ажилладаг. Мөн байгальд задардаг эко торны үйлдвэрлэлээ хөгжүүлж, хэрэглэгчдэд илүү хариуцлагатай сонголт санал болгохыг зорьж байна.”

Үйлдвэрлэлийн технологио шинэчилж, бүтээгдэхүүний нэр төрөл, хүчин чадлаа нэмэгдүүлэн, байгальд ээлтэй шийдлийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй “Царамтайн Арвай” ХХК-ийн үйл ажиллагаа нь үндэсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийн хөгжлийг илэрхийлж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, технологи, бүтээгдэхүүний чанарт чиглэсэн энэ мэт хөрөнгө оруулалт нь импортын хамаарлыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.







