
“Хүнсний хангамж, аюулгүй байдал”үндэсний хөдөлгөөний дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр удирдан явууллаа.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдал, тээвэр логистикийн хүндрэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал хүнсний хангамжид шинэ сорилт үүсгэж буй энэ үед дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, чанар, аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний зорилтыг бодит үр дүнд хүргэхэд шинжлэх ухаанд суурилсан бодлого, инновац, салбар хоорондын уялдаа, эрдэмтэн судлаачдын оролцоо чухал болохыг хуралдааны үеэр онцоллоо.
Хуралдаанаар Монголын Логистикийн холбооны тэргүүн, доктор, дэд профессор А.Мөнхболд хүнсний логистикийн тулгамдсан асуудал, шийдлийн талаар илтгэл танилцуулж, хүнсний нөөц, агуулах, тээвэр, түгээлтийн мэдээллийг нэгтгэсэн удирдлага, хяналтын тогтолцоог хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагыг дэвшүүлэв.

Мөн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор, профессор Б.Батцэцэг малын эм, бэлдмэлтэй холбоотой бичил биетний тэсвэржилтийн асуудлыг хөндөж, стратегийн бүтээгдэхүүний найдвартай хангамж, үндэсний үйлдвэрлэл, дэвшилтэт технологид хөрөнгө оруулах, эрдэм шинжилгээний бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр санал гаргалаа.

Академич, доктор Sc.D М.Бямбасүрэн ургамлын хөнөөлт организмын хүнсний хангамж, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар илтгэж, таримлын өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгчийн тархалтаас ургац, үйлдвэрлэлд учрах эрсдэлийг бууруулахад эрт илрүүлэлт, тандалт, лабораторийн хяналт, биологийн хамгаалал, газарзүйн мэдээллийн системд суурилсан зураглал чухал болохыг танилцуулсан юм.

“Хүнсний хувьсгал, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батцэцэг тус холбооны талаар мэдээлэл хүргэлээ. Тус холбоо нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэх, нэгдсэн төлөөллийг бүрдүүлэх, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Хуралдаанаар хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар эрдэмтэн, судлаачид санал, зөвлөмжөө нэгтгэлээ.













