
Сүхбаатар аймгийн анхны дундын хоршоо болох “Мандах наран сүүн далай” хоршоо нэгдсэн фермийн байртай болж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус дундын хоршоог сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлдэг есөн анхан шатны хоршоо нэгдэн байгуулжээ. Өмнө нь хоршооны гишүүд сүүгээ өөр өөрийн фермд бэлтгэж, “Нутгийн сүү” үйлдвэрт тус тусдаа тээвэрлэн нийлүүлдэг байсан нь цаг хугацаа, тээврийн зардал болон ажлын зохион байгуулалтын хувьд хүндрэл учруулдаг байв.
Харин нэгдсэн фермийн байртай болсноор сүү бэлтгэлийг нэг дор төвлөрүүлж, тээвэрлэлтийн зардал, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ сүү нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар явуулах боломж бүрдэж байна.
Тус хоршоо сүүний чанар, аюулгүй байдлыг хангахын тулд малын эрүүл мэндэд онцгой анхаарч, сүргээ мэргэжлийн мал эмнэлгийн болон холбогдох хяналтын байгууллагын тогтмол үзлэг, шинжилгээнд хамруулдаг байна.
Ийнхүү мал эмнэлгийн хяналтаар баталгаажсан сүүг “Нутгийн сүү” үйлдвэрт нийлүүлж, үйлдвэрийн лабораторид тослог, нягтрал, уураг болон эрүүл ахуйн үзүүлэлтүүдийг стандартын дагуу шинжилсний дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараагийн шатанд шилжүүлдэг байна.

Хоршооны гишүүдийн хамтын хөдөлмөрөөр бэлтгэсэн, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан сүү нь эцсийн хэрэглэгчдэд хүрэхээс гадна сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан “Нэг аяга сүү” хөтөлбөрт нийлүүлдэг.
Дундын хоршооны дарга Г.Батсуурь “Хүүхэд бүрийн ууж буй нэг аяга сүүнд хоршооны гишүүдийн хариуцлагатай хөдөлмөр, хамтын ажиллагаа, чанартай, эрүүл хүнс үйлдвэрлэх гэсэн чин сэтгэл шингэсэн байдаг” хэмээн онцоллоо.
Хоршоодын хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалтад тулгуурласан энэхүү санаачилга нь орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, фермерүүдийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг дэмжихийн зэрэгцээ ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндэд оруулж буй бодит хувь нэмэр болж буй учир цаашид төр засгийн зүгээс бодлогоор дэмжинэ гэдгээ аймгийн Засаг дарга М.Идэрбат илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
