Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярыг хүлээн авч уулзлаа.
Ирэх таван жилд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгохоор УИХ-ын 36-р тогтоолд тусгасан. Ингэхдээ эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлно гэж заасан. Мөн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор баталсан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлнэ. Тиймээс төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр онцоллоо. Мөн “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яамны газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн мэдээллийг өгч санал солилцсон юм. Ирэх онд УИХ-ын 36-р тогтоолын дагуу нийт 522 тэрбум төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж төсвийн төсөл боловсруулагдаж байна.