Намрын сэрүүн унасан энэ өдрүүд нийслэл төдийгүй орон нутгийн ногоочдын ажлын ид үе байдаг. Тодруулбал, хүнсний зах, худалдааны төвүүдээр шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлдэг. Тэгвэл хүнсний ногоо хамгийн хямдаар зарагддаг гэх Төмөр замын вокзалын цаана байрлах ногооны худалдаа болон Нарантуул худалдааны төв, цахим сүлжээнд ногооны үнэ ямар байгааг сурвалжиллаа.
Өдрийн 13:00 цагийн үед Төмөр замын вокзалын цаана байрлах ногооны худалдааг зорилоо. Шинэ ургацын ногоо хэдийн гарчээ. Худалдаа эрхэлхээр орон нутгаас хүмүүс ирсэн байх бөгөөд иргэд ч өргөнөөр үйлчлүүлж байгаа харагдана. Энэ үеэр 30 орчим насны бор эмэгтэйтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгаас өөрийн тариалсан ногоог борлуулахаар ирээд буй нь энэ. 10 гаруй төрлийн ногоо худалдаалж байлаа. Ингэхдээ төмс 1500, лууван, манжин 3000, байцаа 1500, өргөст хэмх 6000, улаан лооль 8000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Ургац хураалт бага байгаа учир ногооны үнэ хараахан бууж амжаагүй байна гэдгийг хэлж байлаа. Энэ тухайгаа “Эхний ургацаа хурааж авч борлуулахаар 10 хоногийн өмнө ирсэн. Зарим газруудаар ургац хураалт эхлээгүй байгаа. Тиймээс ногооны үнэ буурахгүй байгаа юм. Ирэх сард хүнсний ногооны үнэ буух байх. Мөн зарим лангуунуудад хятад ногоог монгол хэмээн зарах нь элбэг байна” гэв. Энэ жил хил гааль нээлттэй учраас ногооны үнэ харьцангуй боломжийн үнэтэй худалдаалагдсан. Шинэ ногоо гарахад үнэ буурдаг. Гэвч ногооны үнэ хараахан буураагүй байна. Төмөр замын дэргэдэх ногооны худалдаанаас худалдан авалт хийж буй иргэн Сүнсрээ “Би 100 айлаас зорьж ирж худалдан авалт хийж байна. Дан мах, гурил иддэг цаг ард хоцорсон. Залуус бид аль болох хүнсний ногоо их хэрэглэхийг боддог болсон. Шинэ ургацын ногооны худалдаа гарсан гэх сургаар ирлээ. Гэвч ногооны үнэ буураагүй байна. Өвөл төмс 1500 байсан бол одоо ч энэ үнээрээ зарагдаж байна. Харин нарийн ногооны үнэ буурсан байна. Гэрийнхээ ойр байрлах дэлгүүрээс худалдан авалт хийлгүйгээр зориод ирэхэд үнэ нь адил байхаар урамгүй юм” гэв.
Тариаланчид худалдаа эрхэлж болох бүх л газар ногоогоо худалдаж эхэлжээ. Тэнгэр плаза худалдааны төвийн гадаа талбайд Сэлэнгэ аймгийн 15 айл хамтран өөрсдийн тарьсан ногоогоо борлуулж байгаатай таарлаа. Тэд боломжит хамгийн доод үнээр ногоогоо худалдаалж байгаа аж. Энэ тухайгаа Ж.Мөнхсэргэлэн “Ногоо тарих нь хэцүү биш ч худалдах нь хүндрэлтэй байдаг. Нэг айл 3-4 төрлийн ногоо тариалдаг. Хүмүүс олон төрлийн ногоо худалдаалж буй хүнээр үйлчлүүлэх сонирхолтой байдаг юм билээ. Тиймээс бид ярилцаад олуулаа нийлж ногооны төрлөө олшруулан худалдаж байна. Ногоогоо бөөндөөд өгөх нь ашиг багатай тул бид боломжит доод үнээрээ худалдаалж байна” гэсэн юм. Тэд төмс 1500, лууван 2800, манжин 3000, улаанлооль 8000, брокли 5000, чинжүү 5000 төгрөгөөр худалдаж байлаа.
Төмс 500 төгрөг байсан үе саяхан. Гэвч цар тахал болон инфляцийн нөлөөгөөр өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Олон жилийн өмнөхтэй ногооны үнийг харьцуулах боломжгүй ч өнгөрсөн жилээс хямд зарагдаж байгаа эсэх нь чухал. Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд ханш ямар байв. Төмс 1500-2000, лууван 3500, байцай 2500, сонгино 3500, чинжүү 8500, улаан лооль 12000, өргөст хэмх 6000, ховдын тарвас 3500 төгрөг байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд ногоо 100-500 төгрөгөөр хямд зарагдаж байгаа юм. Бага хэмжээний ногоо тариалдаг иргэдийн хувьд цахим сүлжээнд борлуулах нь элбэг. Тодруулбал, Монгол ногоочдын групп дээр өргөст хэмх 10кг-аас дээш 3000, чинжүү 3500, салат навч 4000, төмс 1200, лууван 2000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.
Харин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлэж, 2023 оны төсөвтөө хүүгийн хөнгөлөлтөд зориулан 135.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, 2-5 жилийн хугацаатайгаар арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгож буй. Үүнээс газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нийтдээ 120.0 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд үүнээс үр тариа, төмс, тос, тэжээлийн ургамал тариалагчдад 90 тэрбум, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдад 30 тэрбум төгрөг хуваарилсан. Газар тариалан эрхлэгчдийг энэ мэтээр төр их анхаардаг. Гэвч ногооны үнэ дорвитой буурахгүй байгаа нь харамсалтай.
“Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан