Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад амжилттай оролцож, БНХАУ-ын Даргатай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийн явцыг түргэтгэх, Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтрах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Нэг. Ядуурал
Энэ тухай өгүүлэхгүйгээр хөгжлийн стратегиа уялдуулах гэдэг рүү татаж авчран дараах нийтлэлээ босгов. Эхлээд Монголоо тольдъё. Гэгээлгийг биш, би дандаа хар барааныг бичиж шүүмжилдэг. Ядуурал мөнхөд оршсоор байвал би бичсээр ч байх болно. Монголд хүн амын 35.2 хувь нь ядуу гэсэн статистик судалгаа 5 жилийн өмнө хийгдсэн, Дэлхийн Банкныхаар бол 38.6 хувь, эдүгээ 27 хувь дээр буусан бололтой. Ядуу иргэд гэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хүнснийхээ зүйлсийг худалдан авах чадваргүй хүмүүсийг хэлдэг. Тэгэхлээр гурван монгол хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга нь, багцаа тоогоор. 1990 онд дэлхийн нийт хүн амын 41.69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25.19 болтлоо буурсан байтал харин манай оронд ядуурлын хувь огтхон ч буурдаггүй. Ядуурал эрс огцом өссөөр. Ядуурлынхаа үзүүлэлтээр бид Сахарын цөлөөс өмнөх Африкийн иргэний дайн, байгалийн их гамшигт нэрвэгдсэн орнуудтай ойролцоо дөхөж очихоор. Монгол оронд ямар ч дайн байлдаан, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт, гэнэтийн дайрлага тахал дайраагүй байхад өөрсдөө л зөнгөөрөө ядуураад байжээ.
Даян дэлхийд хамгийн ядуу-топ ядуу 10 улсын жагсаалт саяхныхаар:
- Сири. Ядуурлын доод түвшинд хүн амынх нь 82.5 хувь яваа. Шалтгаан нь иргэний дайн. Дайнтай ч мусульман хүн ам нь өсч үржээд байдаг.
- Зимбабве–72.3 хувь нь ядуу. Хүн амын хэт өсөлт. Жилд нэг саяар өсдөг. Бүтээдэг нь өсөлтөө гүйцдэггүй. Сарын дундаж цалин $21.
- Мадагаскар–70.7 хувь нь ядуу. Сарын дундаж цалин $35.
- Сьерра-Леоне–70.2 хувь нь ядуу.
- Нигериа–70 хувь нь ядуу. Сарын дундаж цалин $325.46, нефть байгалийн бусад баялагтай, гэвч мусульман хүн ам нь хэт өсдөг, лалын терроризмтойгоо байлддаг.
- Суринам–70 хувь нь ядуу. Сарын дундаж цалин $170.
- Гвиней-Бисау–67 хувь нь ядуу. Сарын дундаж цалин $62.
- Сан-Томе ба Принсипи – 66.2 хувь нь ядуу.
- Бурунди–64.6 хувь нь ядуу. Сарын дундаж цалин $140.
- Ардчилсан Конго–63 хувь нь ядуу. Сарын дундаж цалин $27.
Эдүгээ улс орны хөгжлийг энэ тэргүүнд ядуурлынх нь түвшин, хүн амын амьжиргааны индексээр тооцож үздэг. Хөгжингүй орнуудад ядуурал 21 хувиас хэтэрдэггүй. Заримд нь ядуурлыг 16 хувиас хэтрүүлэхгүй барьж чадаж байна. Дээрх жагсаалтад 60-аас дээш хувьтай 10-ыг тооцжээ. Манай улс 30 хувь руу дөхсөн байдалтай.
Ноён У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна” гэх алдарт афоризмаа хэлснээр манай улс ядууралтайгаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж би үздэг. “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулснаар нь Засаг даргын ажлыг дүгнэнэ” хэмээн орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд мэдэгдэж байсан нь шинэлэг гэмээр хатуу үүрэг байсан даа. Хөлөө олохгүй тэмтчин яваа дарга нарт өгсөн даалгавар гэж би олзуурхаж байв.
Хоёр. Хятадыг шууд хуулчихъя
Би нэг зүйлийг улиг болтол хэлээд байгаа. Монголчууд бид яаж ч чадахгүйгээр ажилгүйдэл ядууралтайгаа эвлэрсэн хэвээр, юухан ийхнээр(нийгмийн халамжаар) аргацаах, толгойг нь илэх, төр нь бууж өгөх зам руу очихын даваан дээр гэж. Хятадад ядуурлаас ангижруулах ажил эцсийн ялалтдаа хүрэхгүй бол ажлаа хэрхэвч зогсоохгүй хэмээн ядуурлынхаа сүүлчийн голомт руу довтолж байгаа цаг. Эндээс харьцуулалт хийнгээ Хятадын туршлагаас суралцахыг дахинтаа уриалъя. Хөгжлийн стратегиа харилцан уялдуулна гэж хоёр Дарга саяхан Бээжинд ярилцан тохирсон бол би шууд өлгөж аваад гарчгаа болгоод одоо санаагаа дор буулгая.
Хятадад ядуурлыг бууруулах салбарт нарийвчилсан тооцоо судалгаа гаргаж, бүр онилж чиглүүлсэн бодлого явуулдаг. ХКН-ын болон БХАТИХ-ын удаа дараагийн их хурал, чуулгануудад ядуурлын талаар багагүй яриа өрнүүлдэг. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Ядуурлыг бууруулж, хөгжлийг ахиулах тамгын газар гэж буй. Лю Юүнфү гэдэг хүн саяхан болтол тэр газрыг толгойлж байв. Түүний нэг мэдэгдэлд “Ядуу хүн амын тоо 2012 онд 98.9 сая байсан бол 2018 онд 16. 600 сая болтлоо огцом буурч, 6-хан жилийн хугацаанд 80 саяар цөөрсөн ба Зүүн Хятадын 9 муж, 8 хот нь үндэсний стандартаар ядуучуудгүй болсон, 2019 онд дахин 10 гаруй сая хүнийг ядуурлаас ангижруулна” гэж байсан санагдана.
Хятадын ядуурлын түүх хэдэн мянган жилээр яригдана, харин эдүгээ түүнийг зохицуулах ажлын голыг шийдсэн, гэхдээ туйлбартай зохицуулсан гэж хэлэхэд арай эрт байна. Энэ талын хүчин чармайлт урт хугацаанд үргэлжилнэ. Хятад нь дэлхийд хамгийн том хөгжиж буй орон хэвээр байгаа нь эдийн засаг-нийгмийн хөгжлийнх нь ерөнхий онцлог, тэр дундаа ядуурал байгаатай холбоотой хэмээн үздэг.
Өвөр Монголоос сонгогдсон ардын депутат–БНХАУ-ын Дарга Си Жиньпин нэг удаа ӨМӨЗО-ы төлөөлөгчидтэй уулзсаныг би хэргээр туршлага сургамж болгон эшилж байна. Тэрээр “Ногоон хөгжил” гэдэг үгийг хамгийн олон хэлж байгаа. Эдийн засгийн өндөр хурдацтай хөгжлөөс илүүтэй чанар чансаатай хөгжил рүү өөрчлөгд хэмээн уриалдаг. Эдийн засгийн чансаатай хөгжил, ядуурлаас ангижруулах ажлыг хослуулж, үндэстнүүдийн эв нэгдэл, хилийн бүсийн тогтвортой байдлыг дээшлүүлэн, эх орны умард хилийг улам сайн сайхнаар цогцлоон байгуул гэсэн нь манай улсын өмнөдөд хөгжлийн таатай орчин бүрдүүл ээ л гэсэн үүрэг юм биш үү?
Өвөр Монголд ядуурлаас ангижруулах шинэ аяныг “Нэг тосгонд нэг брэнд, нэг гацаанд нэг үйлдвэр” уриатай эхлүүлсэн. Чанар чансаатай хөгжлийг шинэ гараанаас эхлүүлэх, ядуурлаас ангижруулахыг хөдөө тосгоны хөгжлийн стратегитай уялдуулах, аж ахуйн нэгж буюу хоршооллоор дамжин аж үйлдвэрийн хөгжилд ядуу хүн амын оролцоог дэмжих, тэгснээрээ энэ нэг жилд 140 мянга гаруй ядуу ардыг ядуурлаас ангижруулж, бүх ядуу гацаа тосгоныг ядууралгүй болгох тухай Си Жиньпин үүрэг болгосон нь одоо хэрэгжлээ олжээ. Өвөр Монголд нийт хүн амыг ядуурлаас ангижруулах, дахин ядуурах нормыг бууруулах хоёр ч ажил хийгдэж байна. Ядуурлаасаа салах хүний тоогоо багасаж, цаана нь үй олон ядуус байгаа бус, цөөрсөөр байгаа тухайд олон баримт дурдаж болно.
Ядууралтай тэмцэхдээ тэсвэр хатуужилтай бай, энэ давааг заавал давах хэрэгтэй, шантарч болохгүй хэмээн Хятадын Дарга хэлснийг Монгол дээрээ татаж авчраад хэрэглэх сэн! Ядууралтай тэмцэж байна гээд байгаль орчныг хохироож эдийн засгаа өсгөх санаа агуулж болохгүй. Экологийн хамгаалалтын улаан шугамыг эвдэж болохгүй гэсэн нь ч орд, уурхай тойрч хөнөглөдөг манайханд нэн сургамжтай үгс мэт надад санагддаг.
Гурав. Өвөр Монголоос бид юугаараа дутах ёстой юм бэ? Яг ингэчихье л дээ!
Өвөр Монгол бол манайхан нэн танил бүс нутаг мөн. Хятадын умард хилийн дагуу байрладаг, БНХАУ-ын хамгийн эрт байгуулагдсан үндэстний цөөнхийн өөртөө засах орон, үндэстний цөөнхийн өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлсэн анхны нутаг, хятадаас гадна 55 үндэстний цөөнх оршин суудаг гэдгээс гадна Си даргын үүрэг болгосноор бол Өвөр Монгол нь арай өөр лут үүрэг хүлээх болж байгаа. Юу гэвэл Өвөр Монголыг Хятадын умардын экологийн халхавч болгон бүтээн байгуулах нь бүх Хятадын хөгжлийн стратегийн чухал хэсэг, Өвөр Монголын хүлээх ёстой зайлшгүй чухал хариуцлага гэжээ. Тиймээс Өвөр Монголыг ногоон хөгжлөөр замнуулах тухай шинэ үзэл санаагаа дэвшүүлжээ. Тиймдээ ч тун саяхан “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ.
Өвөр Монголыг Хятадын умардын экологийн халхавч болгон бүтээн байгуулах гэдэг нь:
- Эдийн засгийн хөгжил, экологийн орчны хамгаалалтын зохистой харилцаа байх ба Хятадын стратегийн байршилд нийцсэн, Өвөр Монголын онцлогийг харуулсан шинэ замыг хайж олохыг хэлж байгаа бололтой.
- Тал хээр, ой сав газрыг хамгаалах нь Өвөр Монголын экологийн системийн хамгаалалтын тэргүүлэх үүрэг болно. Экологийн системийг сэргээн засна, газар нутагт нь тохируулан төрөл болгон хуваана, урт хугацаагаар энэ чиглэлд ажиллана.
- Ард иргэд байгаль орчинтойгоо харилцаж байгааг нарийн зохицуулна. Байгаль орчин, иргэдийн амьдрал зэрэг сайжрах ёстой. Экологийн соёлжиж иргэншсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэжээ.
Өвөр Монголд хэрэгжүүлдэг хэд хэдэн кампанит ажил байна. Сэдэв нь:
- “Эдийн засагт шинэ хөдөлгөгч хүч шаардлагатай тул ядуурлыг бууруулж тэндээс хүчээ сэлбэе!”,
- “Хөдөө тосгон бол хүсэл мөрөөдлийн орон мөн!”,
- “Малчдыг дайчлан чинээлэг амьдралтай болгоё!”,
- “Шинэ тутам хөгжиж буй аж үйлдвэрийг чансаатай хөгжүүлэх төсөл”,
- “Нэг тосгонд нэг брэнд, нэг гацаанд нэг үйлдвэр” гэхчлэн.
Хөдөө нутагт амьдрал сайнгүй ардуудад бараг албадлагаар мал хуваарилан, эргэж хариуцлага тооцон урамшуулдаг нь Монголын хөдөө сумд, багуудад мөн ч хэрэгтэй туршлага юм. Манайхан “Хүнсний хувьсгал”-даа шууд туршлага болгочихмоор. Жишээ нь үхэр үржүүлэх хоршоо байгуулах, 5 жилийн хугацаанд тэжээж бордохоос эхлэн нядалж боловсруулах, борлуулах, гуанз ресторан ажиллуулах зэрэг үйлдвэрлэлийн гинжин хэлхээ бүрдүүлж, орон нутгийн болон эргэн тойрны ядуу өрхүүдийг татаж дайчлан ядуурлаас ангижруулдаг, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлдөг, хурдны замын хураамжийг хоёр жилийн дотор тэглэсэн зэрэг тэргүүн туршлагын тухай яриа юм.
Хөдөөг хөгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчин, хөрөнгө мөнгийг хот-хөдөөгийн хооронд чөлөөтэй шилжүүлж хөрвүүлдэг туршлага байна. Дээд сургууль төгсөгчид нутаг усандаа буцах нь түгээмэлжиж, гадаадад суралцсан чадварлаг хүмүүс хөдөө тосгонд бизнес эрхлэх боломж хайх болжээ. Си дарга үүнийг нь өөгшүүлэн “Хятадын орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн орон зай маш их байна. Хөдөө тосгон бол бизнес эрхлэхэд таатай газар, хүсэл мөрөөдлийн орон мөн” гэжээ. Яг үүнчлэн “Монголд хөдөө аж ахуйн хөгжлийн орон зай маш их байна. Хөдөө бол бизнес эрхлэхэд таатай газар, хүсэл мөрөөдлийн орон мөн” гэсэн кампани өрнүүлчихмээрсэн.
Өвөр Монголын хөдөөд мал аж ахуй-газар тариалан хосолсон нутаг олон буй. Мал аж ахуйгаар голлож, газар тариалангаар дагавар болгосон хошууд олныг бий болгожээ. Хөдөөгийн зарим хошуу хятад эмийн түүхий эд тарьж ургуулдаг хүлэмжийн аж ахуй, нэг бүр нь 20 мянган юанийн орлоготой 10 гаруй хүлэмж бүхий тосгон хөгжүүлчихсэн жишээ олон байна. Ийм аж ахуйтай тосгоны хүн нэг бүрийн жилийн дундаж орлого 14 мянган юаниас давж, тосгоны засмал зам ашиглалтад орж, цэвэрлэх байгууламж байгуулснаар тосгоны дүр төрх хотжоод иржээ.
Ядуурлыг бууруулахад “Аж үйлдвэрийн гинжин холбоос” гэх шинэ гарц бий болжээ. Өвөр Монгол нь нүүрс, газрын ховор элемент ихтэй, ийм эх баялгийг нэгтгэн аж үйлдвэрийн гинжин холбоосыг боловсронгуй болгож, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг шат ахиулж байна. Тэндээсээ олон ургальчаар хөгжих, олон тулгууртай орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулах замд шилжих зорилго тавьжээ.
Дөрөв. Шинжааны туршлага гэж бас байна аа
Хувийн хэвшлийн эдийн засаг нь Хятадын зах зээлийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэдэг дээр эргэлт буцалтгүй болсон. Нийгэмчилнэ гэж байхгүй. Хувийн хэвшлийн эдийн засагт ийм үүрэг ногддог: тогтвортой өсөлт, инновац, ажил олголтыг нэмэх, ардын амьдралыг сайжруулах гэх мэт. Хятадын эдийн засгийн хөгжил–Хятадын гайхамшгийг бүтээхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд асар их хувь нэмрээ оруулсан, оруулах ч болно гэх уриа хятадын жижиг аж ахуйтанд маш том урам өгч байна. Өвөр Монголтой хил залгаа Шинжаан-Уйгур байна. БНХАУ-ын Дарга тэдэнд хэд хэдэн чухал санаа бүхий уриа дэвшүүлсэн. “Эв санаа нэгтэй, эвсэг зохицонгуй, цэцэглэн хөгжсөн, баян чинээлэг, соёлжиж иргэншсэн, амар амгалан, аз жаргалтай, Хятадын онцлогтой социалист Шинжааныг байгуулахын төлөө хичээн зүтгэцгээе”.
Мөн лут хэлж, лут зорилт өмнө нь тавиад өгчээ. ШУӨЗО-оос элдэв хэл ам, терроризм, салан тусгаарлах явдал ханхлах аргагүйгээр нягт барилдуулсан лоозон.
Эдүгээ Шинжаанд “Ядуурлаас бүрэн ангижирсан тосгон” гэх хөдөлгөөн ид өрнөж байна. Oлон үндэстний ард түмний амьдралыг улам сайн сайхан болгох, дахин ядуурах, ядуу хүн ам шинээр нэмэгдэхгүй байхыг баталгаажуулах, ядуурлаас ангижруулахад нэг ч хүнийг орхигдуулж болохгүй гэсэн шаардлага тавигджээ. Жил бүр ШУӨЗО-д 1 сая боловсон хүчнийг тосгонд томилон ядуурлыг бууруулах ажил дагнан хариуцуулж, олон үндэстний анхан шатны 1.6 сая өрхийг онилон, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, ядуурлыг бууруулжээ. Үлгэр жишээч шувуу үржүүлэх хоршооллыг нэрлэж байна. Ядуу амьдралтай иргэдэд хоршооллоос тагтаа үнэ төлбөргүй өгч, тэжээж үржүүлэх аргыг зааж сургасан ба үржүүлсэн тагтаа, өндгийг хоршоолол нэгдсэн журмаар борлуулдаг. Борлуулалтын орлого ядуу иргэдэд орлого болж очдог.
ШУӨЗО-д экологийн бүтээн байгуулалт тууштай хийж, 660 мянган га цөлжсөн талбайг засаж сайжруулан, 33 мянган га талбайг ойжуулсан, саяхны ололт. Зөвхөн Цагаан сараар 3 сая жуулчин хүлээн авч, түүхэн дээд рекорд тогтоосон. Хүлээн авах гадаад дотоодын жуулчныг 40 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин түүндээ хүрсэн.
Ядуу хүн ам ихтэй Ганьсу муж хойд Хятадад ядуурлын эсрэг аянаараа бас хошуучлан буй. Байгалийн нөхцөл тааруу учраас ядуугаас ангижруулахад хүндрэлтэй. Энэ мужид ядуугаас ангижруулах ажлын зангилаа үед хатуу арга барил шаардаж ажиллахыг туршсан. Ганьсуд 2016 онд 2.5 сая ядуус байснаа одоо нэг саяас доошоо ортлоо багасаж, ядуу хүн амын хүн тутмын зарцуулж болох орлого 5390 юань болсон ба ойрын үе бол ядууг эрс буруулах зангилаа үе, иймээс цуцалтгүй ажиллаж, эцсийн ялалт байгуулахаас нааш ажлаа хэрхэвч зогсохгүй гэсэн хатуу зорилт тавьжээ.
Тав. Монгол дээр татаж авчирвал
Си даргын уриалга байна: Ядууралтай тэмцэхдээ итгэл үнэмшлээ бат болго, өчүүхэн ч гуйвж болохгүй, зорилтдоо хүрэхийн тулд цуцалтгүй ажилла, асуудал зохицуулахдаа шийдэмгий бай, хариуцлагыг өчүүхэн ч бүү сулруул, ажлын хэв загвараа эрс өөрчлөх хэрэгтэй гэжээ. Ядуу хүн идэж уух, өмсөх зүүхдээ санаа зовохгүй болох нь нэг хэрэг. Түүнд тайвширч болохгүй. Албан журмын боловсролд заавал хамрагдана, эмчилгээний, орон сууцны баталгаатай болж авна. Араас нь хяналт байнга тавина.
Хятадад энэ мэтээр ядууралтай хүчээр, далайлгаж, бүр дарамталж, жинхэнэ дайсан мэт үзэж тэмцэж байгаа нь талархууштай туршлага гэлтэй. Ядуу иргэдийн толгойг илж, Та нар ядуурсанд улс төрчид бид буруутай гэдэг манай ажлын арга барил эрс тэс ялгаатай, бүр сул дорой нь харагдаж байна. Монгол орныг ядууралд нь сөхрүүлдэг бүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй байхад нь төрөөс халамжийн бодлого хэрэгжүүлдэг, бэлэнчлэх сэтгэлгээг хөхиүлдэг практик Хятадад алга. Хятадад халамжийн бодлогыг онцгой тусгай шаардлагаар (эрүүл мэндийн аргагүй байдал, эсвэл гавьяаны амралт гэх мэт) жинтэйнхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг ажилласан бүтээсэн, бүтээгээгүй, хөдөлмөрлөсөн хөдөлмөрлөөгүй ялгаагүй бүгд хүртэх давуу талтай.
Монгол орныг ядууралд нь сөхрүүлдэг нэг гаж практикийг энд нэрлэхээс аргагүй. Гадаадад байгаа монголчуудаас орж ирдэг мөнгөний их урсгал. Солонгост тавин хэдэн мянган монгол хүн байна хэмээн бахархалтайяа ярихыг бишгүйдээ сонсдог. Тэд бол дор бүрнээ Монгол дахь аав ээж, ахан дүүсээ ажил хийлгүүлэхгүйгээр тэжээн тэтгэгчид юм. Ганц Солонгос гэлтгүй ертөнцийн өнцөг булан бүрээс Монгол руу мөнгө цутгаастай. Нэгэнтээ сар бүр, тогтсон хугацаанд гадаадаас мөнгөн илгээмж ирээд байх юм бол ерөөсөө ажил хийж биеэ зовоож яах юм бэ? Ард нь Монгол эх орон маань ядуу байна уу, баян байна уу, падгүй.
Манай орны хөгжлийг чөдөрлөдөг цорын ганц чөдөр тушаа, гав гинж, манай ард түмний хамгийн том дайсны тухайд ядуурал гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр зарлуулах цаг айсуй хэмээн би боддог. Монголчууд бид нэг хүнд ногдох байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг гэх мэт үзүүлэлтээрээ бол баян байх нөхцөл боломжоор бүрэн хангагдсан улс. Дэргэд чинь тэрбум хол давсан баян иргэд гарч ирэх нь байна. Бид мөнхөд гурван хүнийгээ нэгийг ядуу гэх үүрдийн пайзтай байлгаад баймгүй.
Иймийн тул хөдөөд аймаг сумдын Засаг дарга томилохдоо хэчнээн иргэн, өрхийг ядуурлаас гаргаж нийгэмшүүлэх хатуу ам өчиг авч тангараг тавиулах тухайгаараа дахин санал болгоё. Ядуурал ажилгүйдлээс салгах маш том механизмыг Төр санаачлаад “Хүнсний хувьсгал” гэж нэрийдээд, хот хөдөөд буй ажилгүй, завтай, хөдөлдөг явдаг хийдэг бүх иргэдээ оролцооч ээ хэмээн уриалан байна. Энэчлэн Өвөр Монголын жишгээр “Нэг аймаг нэг брэнд, нэг сум нэг үйлдвэр” уриан дор зүтгээд үзвэл ямар вэ? Аймаг болгон өрсөлдөөд хөдөө аж ахуйн нэг брэндтэй бол л доо. “Говь”-оос дутахгүй ноос ноолуурын үйлдвэртэй бол л доо. Эх орны зах зээл байтугай, өмнөд хөршийн бүх зах зээлд гаргачихаар мах, махан бүтээгдэхүүний төрөлжсөн бизнестэй бол л доо. Хэн саад хийгээд байгаа юм бэ?
-о0о-
НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч Д.БАЯРХҮҮ