
Сар шинийн баяртай холбогдуулан сүүлийн өдрүүдэд мах, гурил, бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна.
Ховд аймгийн томоохон зах, худалдааны төвд энэ сарын 17-ны байдлаар нэг кг үхрийн махыг дунджаар 17 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн нэг кг хонины мах дунджаар 16 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин нэг кг ямааны махыг 12 мянган төгрөгөөр зарж байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байна.
Үүнээс гадна нэг литр сүүний үнэ 5000 төгрөг, нэг кг задгай гурилын үнэ 2700 төгрөг, нэг кг элсэн чихрийн үнэ дунджаар 4800 төгрөг байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг