
Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран жил бүр уламжлал болгож зохион байгуулж хэвшсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Сайншанд суманд боллоо.
Үзэсгэлэн худалдааны үеэр мах, сүү, нарийн боов, бүтээгдэхүүний баглаа боодол, жижиг дунд үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэгч чиглэлээр шилдгүүдийг тодруулж урамшуулсан юм.Айраг сумын үйлдвэрлэгч “Буман-Ашигт” хоршоо шилдэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр шалгарчээ.
Тус хоршоо 2022 онд 15 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд малын махыг ангилан ялгаж төрөлжүүлэн худалдаалах, үржлийн мах худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна. Үзэсгэлэн худалдаанд 28 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.

Тухайлбал, үхэр хонь, ямааны махыг ангилан ялгаж стандартад нийцсэн байдлаар савласнаас гадна махыг өвчүүний цорой, хэл, гургалдай, хавирга, ууцны мах гэх мэтээр ангилан худалдаалж буй нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болсон байна.
“Буман ашигт” хоршоо 2023 онд Хоршоо хөгжүүлэх сангаас мах, махан бүтээгдэхүүнийг ангилан ялгах, савлах, хөргүүртэй зоорь барих чиглэлээр хөнгөлөлттэй зээл авч хөргүүртэй, гүн хөлдөөгчтэй 60-80 тонн багтаамжтай махны зоорийг байгуулсан нь хөдөө орон нутагт малын махыг стандартын ззоринд хадгалан худалдаалах боломжтой болсон аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг