
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Дорноговь аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаа явуулж буй “Цагаан сүүний буян” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.



Тус үйлдвэр нь 2006 онд Хөдөө аж ахуйн салбарт өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдан техник тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилж, хоршооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан аж ахуйгаа өргөжүүлжээ. Одоогоор 60 гаруй үхэртэй фермийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний худалдаа, газар тариалангийн чиглэлээр жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэрийн хүчин чадлын хувьд өдөрт 500-800 литр сүү боловсруулах 104 м2 бүхий үйлдвэрийн цех, 24 куб.м багтаамжтай хөргүүртэй бөгөөд 13-15 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг /сүү, тараг, зөөхий, өрөм, шар тос, ааруул, аарц, нэрмэл, архи, бяслаг, ээдэм, хоормог, шар сүү/ үйлдвэрлэж, 12 хүнийг ажлын байраар хангаж байна.

Ингэхдээ аймгийн төв дээрх өөрийн нэрийн ТҮЦ, Номин худалдааны төв болон ерөнхий боловсролын 5 сургууль, хүүхдийн 13 цэцэрлэг, улсын болон хувийн 4 эмнэлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Түүхий эд болох сүүг өөрийн ферм болон Алтанширээ сумын Дэлгэр дэнгийн ширээ хоршооноос авч, орон нутгийн иргэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг юм.

Цаашид “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хоёрдугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байгааг тус үйлдвэрийн захирал Ж.Алтанцэцэг онцолж байв.

