Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний дагуу УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд танилцуулах уулзалтыг Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба зохион байгуулав.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлэн явуулахад 13 төрийн байгууллага хамтарч, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Эдгээр байгууллагын нэг болох ХХААХҮЯ-ны зүгээс “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ыг өрнүүлэхэд эрх зүйн хүрээнд хүнсний хангамжийн баталгаат байдлыг хангахад үүрэг хүлээн ажиллах юм.
Тус яамнаас нэн тэргүүнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх болон бүтэц институцийг сайжруулахад идэвхийлэн ажиллаж байна. Мөн мал аж ахуйн салбарт олгож буй дэмжлэг, урамшууллын зардал нь Дарханы арьс ширний цогцолборыг дөрөв барихтай тэнцэх хэмжээний төсвийг зарцуулсан ч малчдын амьдралд үзүүлэх нөлөөлөл бага, үр ашиггүй байна гэв.
ХХААХҮЯ-наас ойрын хугацаанд:
- “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ
- Малчдын зөвлөгөөн
- “Хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг тус тус зохион байгуулах юм.
Үүний зэрэгцээ, Олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага оролцон ажилладаг.