Үндэсний хэмжээнд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн өрнөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хатуу ширүүн уур амьсгалтай, говийн хөрсөнд бүх төрлийн хүнсний нарийн ногоо тарьж ургуулан өөрийн болон бусдын анхдагч хэрэглээ болох хүнсэнд хувьсал хийж яваа Ц.Батсайханы хүлэмжээр зочиллоо.
Ц.Батсайханых 10 гаруй жил Чандмань суманд төмс, хүнсний ногоо тариалж байсан бол сүүлийн зургаан жил Есөнбулаг суманд хүлэмжийн аж ахуй дагнан эрхлэн суурьшиж буй. Түүний гэргий Х.Лхамноржин Жимс ногооны агрономич мэргэжилтэй бөгөөд өөрийнхөө сонирхол, мэргэжилдээ хөтлөгдөн ийнхүү хүлэмжийн аж ахуй эрхлэх болсон байна. Түүнтэй гэр бүлийнх нь эрхэлж буй аж ахуйнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Танай гэр бүл хэзээнээс газар тариалан, хүлэмжийн аж ахуй сонирхож эрхлэх болсон бэ?
-Манай гэр бүл 2016 оноос хойш хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Манай гэр бүлийн хүн Чандмань сумын хүрхрээ багт 10 гаруй жил төмс, хүнсний ногоо, үр тариа тариалж байсан. Бид эзэмшсэн мэргэжил, сонирхолдоо хөтлөгдөн сүүлийн зургаан жил тасралтгүй газар тариалан эрхэлж, өрхийн хэрэгцээгээ хангасаар байгаа. Тэр дундаа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн хөдөлмөрийн үр шимээ хүртээд амьдарч байна.
Миний хувьд 2011 онд Улаанбаатар хотын ХААИС-ийг Жимс, ногооны агрономч мэргэжлээр төгссөн. Одоо Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүлэмжийн аж ахуйн фермерийн мэргэжлийн багшаар найм дахь жилдээ ажиллаж байна.
Манай гэр бүл 2016-2019 онд Улаанбаатар хотын Шувуун фабрикт 300 м2 талбайтай 5 нарлаг хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, навчит ногоо гэх мэтчилэн нарийн ногоо тарьж зах зээлд нийлүүлдэг байсан. Төрөлх Алтай нутгийнхаа хөгжилд өөрсдийн мэддэг чаддаг хувь нэмрээ оруулахаар Улаанбаатар хотоос нутгаа зорин ирсэн. Одоогоор манай аж ахуй зуны болон өвлийн, нарны эрчим хүчээр ажилладаг гурван талт хүлэмжтэй, нийт 1080м2 талбайд тариалалт хийгээд байна.
-Одоогоор хэдий хэмжээний газарт хэдэн төрлийн ногоо тариалж байна вэ?
-Манайх өдөр тутамд өргөн хэрэглэгддэг өргөст хэмх, чинжүү, улаан лооль, бууцай, яншуй, навчит ногоо гэх мэт нэр төрлийн нарийн ногоо тариалдаг. Хүлэмж тус бүрт нарийн ногоог төрөлжүүлж тариална. Мөн үхрийн нүд, алим, интоор, бөөрөлзгөнө, өрөл зэрэг 7 төрлийн жимсний мод тарьж байна. Монголчууд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээг гол төлөв Хятад улсаас хангаж байна. Иймд манай гэр бүл өрхийн хэрэглээгээ бүрэн хангадаг байя гэдэг зорилгоор бага хэмжээгээр тариалж эхэлсэн.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймагт “108 сая мод тарьж, ургуулах” аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээнүүдийн хүрээнд 10 төрлийн мод буюу хайлаас, шар хуайс, улиас, бургас, жигд, гүйлс, буйлсгэх мэт, интоор,үхрийн нүд, бөөрөлзгөнө, алим,чавга зэрэг нийт 10 гаруй нэр төрлийн модыг үрээр болон модлог мөчир, ногоон мөчрөөр үржүүлж байна.
-Танай ам бүл хөдөлмөрийн үр шимээ хэрхэн хүртэж байна. Өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна худалдан борлуулдаг уу?
-Энэ жилийн тухайд бид мод үржүүлгийн ажлыг түлхүү хийсэн. Хүн амыг эрүүл хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүнээр хангах зорилготой ажиллаж байна. Харин аж ахуйгаа өөд нь татах, өргөжүүлэх, тариалалтын бэлтгэлээ хангах ажилд мөнгө санхүү их зарцуулдаг. Энэ жил мөн тодорхой ажлууд хийж байгаа. Бидний хувьд орон сууцанд амьдрах бус хашаандаа үржил шимтэй хөрсөө ашиглаад орлого олох, хүн амыг эко бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой гэдгийг харуулахыг хүсдэг дээ. Ер нь өрхийн хэрэгцээгээ бүрэн хангадаг илүү гарснаа зах зээлд борлуулдаг. Жил бүр харилцан адилгүй тариалалт хийдэг учир борлуулалт мөн адил өөр байдаг.
-Төв суурин газар хашаандаа хүлэмжийн аж ахуй эрхлэхэд давуу болон сул тал нь юу байна?
-Манайх хашаагаа хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг гурван төрлөөр эмх цэгцтэй тохижуулах төлөвлөгөөтэй. Өрхийн аж ахуй эрхлээд хашаандаа сайхан амьдрах боломжтой. Мөн давхар орлого олох боломж бий гэдгийг өөрсдийн биеэр мэдэрсэн. Энэ ч утгаараа өнөөдрийг хүртэл цаг наргүй хөдөлмөрлөж байна. Бид хашаагаа ногоон төгөл мэт болгож, эко органик бүтээгдэхүүнээр сум аймаг орон нутагтаа нийлүүлэн борлуулах, гэр бүлээрээ тухтай амьдрах нөхцөлийг бий болгоно гэж хичээж ажиллаж байна.
Газар тариалангийн ажилд талбайн их, бага чухал биш. Бага талбайгаас ч их ургац авах, орлого олох боломжтой гэж үздэг. Гэхдээ тариалалтын нэр төрлөө нэмэгдүүлэх зорилготой учраас газрын асуудал тулгамдаж байна. Ер нь хашаанынхаа зай талбайг зөв ашиглаад харьцангуй олон төрлийн нарийн ногоо тариалж чадвал үр шимээ ч чамлахааргүй хүртэх боломжтой. Ер нь хүн хөдөлмөрлөж чадвал байранд амьдрахаас илүү гэр хороололд тохилог, тав тухтай амьдрах боломж бүрэн дүүрэн бий.
-Залуу гэр бүл бусдадаа үлгэрлэн анхдагч хэрэгцээ болсон хүнсээ өөрсдийн гараараа тарьж ургуулж байгаа нь сайхан. Ер нь хүлэмжид ногоо тариалахад хүндрэл бэрхшээл хэр байдаг вэ?
-Ер нь бэрхшээлгүй ажил гэж үгүй, түүнийг даван гарч байж л үр шимийг нь хүртэнэ шүү дээ. Жишээлбэл, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд хүн хүч, хөрөнгө санхүү гэх мэт тоочоод байвал бий бий. Ямар ч байсан бэрхшээлийг өөрсдийн нөөц боломжоороо даван, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж л явна.
-Сум, орон нутгаас дэмжлэг үзүүлдэг уу, төсөл хөтөлбөрт хамрагддаг уу?
-Дэмжлэг туслалцаа үзүүлэлгүй яахав. Ядахдаа л аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хямдралтай үнээр үрээ аваад тарьчихна.
Монголын хүлэмжийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа тул хүлэмжийн аж ахуй эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэгч, иргэдэд дэмжлэг нэн чухал байна.
Аймаг орон нутаг, төр засаг нь тэр их хөнгөлөлттэй зээл, тусламж, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэл зэргийгээ яг юм хийж бүтээж байгаа жинхэнэ эздэдээ хүртээдэг байгаасай мэргэжлийн мундаг залуусаа дэмждэг байгаасай гэж мэргэжлийн хүний хувьд бодож явдаг.
-Хүлэмжийн аж ахуй эрхлэхэд юунд хамгийн ихээр анхаарах шаардлагатай вэ?
-Юуны өмнө газрын байршил, усалгааг хэрхэн шийдэх тухай хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Ер нь хүлэмжид ногоогоо тариалах, хураан авах хугацааг нарийн тооцох хэрэгтэй байдаг. Мэдээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тариалах нь маш чухал. Тухайн нутгийн хөрс цаг уурын онцлогт тохируулан тариалалт хийх хэрэгтэй. Гол нь агротехникээ зөв баримтлах нь чухал. Мөн зөв барьсан барилга байгууламж чухал.
Хүлэмжийн барилга байгууламжийг буруу барьснаар ургац алдах, хураан авч чадахгүйд хүрдэг байна. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай.
Хөрсөө маш сайн бэлдэж чадвал говьд ургахгүй ногоо гэж үгүй.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа, ургац арвин байг ээ.
Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр нь нийтдээ 14 сая 144.8 мянган га талбайтай бөгөөд үүний 60.95 хувийг эзлэх 8 сая 621.1 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. 2019 оны мэдээгээр хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 0.097 хувь болох 8382.1 га газар нь усалгаатай хадлан, тариалангийн эргэлтэд байна.
Тариалан эрхлэх эртний уламжлалтай тус аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд ашиглах боломжтой газрын хэмжээ хэдэн мянган га байгааг тогтоох хайгуул, судалгааны ажлыг хоёр удаа хийсэн тайлан мэдээ байдаг. Энэхүү судалгааг Говь-Алтай аймгийн 18 сумын нутагт 82 байршилд орших 41514 га талбайд судалгаа хийж 12425 га талбайг усны хүрэлцээгүйгээс, 3343 га талбайг хөрс тохиромжгүйгээс газар тариалангийн эргэлтэд оруулах боломжгүй хэмээн хасч 26563.7 га талбайг фондод бүртгэн авсан байдаг.
Говь-Алтай аймгийн хувьд эдийн засгийн бодит салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээг орон нутгийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн зорилт болгон дэвшүүлж, ашиглагдаагүй байгаа 3,7 мянган га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах мөн шинээр услалтын систем байгуулах болон тариалан эрхлэх боломжит талбайн хайгуул судалгааг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хийж, аймгийн хэмжээнд нийт 55 цэгт услалтын систем байгуулан тариалангийн талбайг 20315 га-д хүргэх боломжтой судалгаа гаргаад байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 2021-2022 онд нийт 3,5 тэрбум төгрөгийг хуваарилан нийт 60 гаруй мянган ширхэг жимс жимсгэний суулгацыг 18 сум 2 тосгон тариалж, мөн “Агро инновац сургалт судалгааны төв”- ийг Тайшир суманд, “Агро ойн аж ахуйн төв”-ийг Бигэр суманд мөн “Говийн мод сөөг ховор ургамлын үржүүлгийн бааз”-ыг Баянтоорой тосгонд, “Хүлэмжийн болон ил талбайн мод үржүүлгийн талбай”-г Халиун сумын Намалзахын услалтын системийг түшиглэн, мөн “Мод үржүүлгийн бааз”-ыг Гуулин тосгонд тус тус байгуулан ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн зөвхөн 0,5 хувийг газар тариалангийн үйлдвэрлэл эзэлж байгаа тооцоо судалгаа бий.
Алтай нутгийнхаа хүн амыг эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол иргэдийн анхдагч хэрэгцээ хүнс, түүний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор “Газар тариалан-Жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжиж буй.
Тодруулбал,орон нутгийнхаа газар тариалангийн салбарыг хөгжүүлж, бүх төрлийн хүнсний ногоо, алим, жимс жимсгэнэ, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгон, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг бодитойгоор дэмжих зорилготойгоор энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
2021 онд “Газар тариалан жимс жимсгэнэ” арга хэмжээг хэрэгжүүлэхдээ зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлан энэ салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг ТЭЗҮ боловсруулах багийг сонгон шалгаруулж одоо ч хамтран ажиллаж байгаа юм. Төсөл, арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд хамгаалалтын ойн зурвас байгуулах 6 төрлийн 11.6 мянга ширхэг модны суулгац, жимс жимсгэний 7 төрлийн 47.8 мянга гаруй суулгацыг худалдан авч нийт 60.0 орчим мянган мод бут суулгах ажлыг сумдад зохион байгуулжээ. Мөн 9.4 км жимс жимсгэний талбай, 23 км үр тариа, ногоон тэжээлийн ургамлын талбай хашиж хамгаалах ажлыг шинээр хийсэн аж.
Ийнхүү Алтай нутгийнхан тариалалтын талбай болон ургац хураалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь айл өрх бүр гарал үүсэл тодорхой орон нутгийнхаа хөрсөнд ургасан ногоог худалдан авч хүнсэндээ хэрэглэж хувьсал хийж эхэлжээ.