Монгол Улсад усан үзэм тариалсан гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж буй БНСУ-ын иргэн доктор Ким Сон Чул хүлэмжийн ногоо тариалагчдад өөрийн туршлагаа хуваалцлаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 14 жил тариалан эрхэлж бүтээгдэхүүнээ И-мартад шууд нийлүүлдэг.
Хүлэмжийг барихдаа хойд зүгээс урд зүг рүү буюу босоогоор нь барих хэрэгтэй. Зүүн зүгээс баруун зүг рүү буюу хөндлөн барьсан тохиолдолд авах ургацын нийт хэмжээ 20-30% багасдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр нарны тусгалтай холбоотой байдаг.
Помидор, өргөст хэмх хоёрыг нэг хүлэмжинд тариалах тохиромжтой.
Яаж тариалах вэ? гэхээр помидор нар их шаарддаг тул наран талдаа помидороо суулгах буюу байрлал зөв байх ёстой. Усалгааны хувьд өргөст хэмх нь помидороосоо 2 дахин их усалгаа шаарддаг тул усалгааг тус тусад нь хийх боломжтой байх ёстой.
Монголчууд хар шороон хөрсийг хамгийн сайн хөрс гэж боддог. Яг үнэндээ тийм биш. Хар шороон хөрс нь усалгаа хийхээр шавар, хатахаараа хатуу бүхэл болоод ургамлын үндэс амьсгалах боломжгүй болчихдог. Ургамлын үндсийг амьсгалах боломжтой хөрс боловсруулж бэлдэх хэрэгтэй. Үүний тулд бууцыг газартаа 5-10см зузаантай жигд цацаж өгөх хэрэгтэй. 15см зузаантай байвал бүр сайн гэж байна. Өөрөө энэ жил 90 хүлэмжиндээ сумандаа байдаг 2 том ачааны машинаар 500 удаа бууц татуулж хийсэн.
Ямар бууц хийх вэ? гэвэл удсан, олон жил болсон бууц. Миний хувьд энэ жил шинээр боловсруулж бэлдсэн атар 0,7га газартаа 25 хоовоо машин бууц хийсэн. Энэ нь нийт талбайд 7см зузаантай бууц тараагдсан тооцоо гарч байгаа юм