Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Төвийн бүсийн аймгуудад тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Анхдагчийн өлгий нутаг Булган аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ боллоо.
Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 16 сумын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал “УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилт ба Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “МУ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид авах арга хэмжээ”-ны талаар, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтолцоо” сэдвээр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна.
Мал сүргийн тоо, толгой сүүлийн 2 жилд 230.0 мянгаар өсч, 2021 оны жилийн эцсийн байдлаар 3625.5 мянган толгойд хүрсэн нь улсын хэмжээнд нийт малын 5.3 хувийг, хангайн бүсийн нийт малын 16.1 хувийг эзэлж, мал сүргийн тоогоороо 9 дүгээр байрт байна.
Мал аж ахуйн салбараас жилдээ ямааны ноолуур 309,8 тн, хонины ноос 1942,1 тн, тэмээний ноос 4,3 тн, арьс шир 792,8 мянган ширхэг, мах 55334,3 тн, сүү 41,230,3 мянган литр үйлдвэрлэж байгааг мөнгөн дүнгээр тооцож үзвэл 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.
Аймгийн нийт газар нутгийн 56.7 хувь буюу 2764.0 мянган га талбай нь ХАА-н эдэлбэр газар байдаг бөгөөд үүний 91.1 хувь буюу 2519.3 мянган га нь бэлчээр, 4.0 хувь буюу 111.9 мянган га талбай нь хадлан, 4.3 хувь буюу 119.7 мянган га нь тариалангийн зориулалттай талбай эзэлж байна.
Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог.
Аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид ажиллаж байна. Жилд нэгжээс дунджаар 14.6 цн үр тариа, 110.0 цн төмс, 100 цн хүнсний ногоо хураан авч, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70 хувь, төмс, гурилаар 100 хувь хангаж байна.
Аймгийн газрын нэгдмэл сангийн ангилалд 119788 га тариалангийн талбай бүртгэлтэй байгаагаас 92.4 мянган га талбай эзэмшиж, жилдээ 38.8-45.0 мянга га-д тариалж, 40.0-41.0 мянган га-д уринш бэлтгэн эргэлтэд оруулснаар эзэмшиж буй тариалангийн талбайг 97.8 хувьд хүргэж ашиглаж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, усалгаатай талбайн хэмжээ, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлж, зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлснээр Хангайн бүсийн аймгуудын төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм. Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй технологиор эрхэлдэг учир орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн харьцангуй эко цэвэр бүтээгдэхүүнүүд байдаг.