Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Төвийн бүсийн аймгуудад тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, “Хүнсний хангамж, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх ногоон хөгжлийг дэмжих Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрдэнэт үйлдвэр, ШУА-ийн эрдэмтэн судлаачдын оролцоотой хамтран байгуулсан Ойн генетик нөөцийн Эрдэнэт төвд үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулахыг цогцоор нь төлөвлөсөн. Тус төв нь иргэн, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэн, аж ахуйн нэгжээс үр худалдан авах, үрийг нь ангилан хадгалж өгөх, мөн иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах бөгөөд үндсэн 3 том нэгжээс бүрдэнэ. Үүнд:
Үрийн лаборатори. Үрийг хүлээж авах, ангилах, соортлох арга технологи, ариутгах арга технологи, хадгалах арга технологи, тарилтад бэлтгэх, стратификац хийх арга технологи, савлах, зах зээлд нийлүүлэх арга технологийг нэвтрүүлэх зорилго лаборатори юм.
Үрийн агуулах. 1,000 тн үр болон тарьц суулгацыг хадгалах хүчин чадалтай бөгөөд байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой. Агуулах нь Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой зорилготой.
Биотехнологийн лаборатори. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ургамлын үрийн боловсролт, үрийн чанарт тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарч байгаа энэ цаг үед дэвшилтэт технологи ашиглан in vitro нөхцөлд модлог ургамлыг ургуулах арга технологийг нутагшуулж, амьд хэлбэрээр генетик нөөцийг хадгалахаас гадна улирал харгалзахгүй их хэмжээгээр өсгөвөрлөн гадаа талбайд шилжүүлэн тарих нөхцөлийг бүрдүүлэх нь энэ төвийн бас нэг давуу тал болж байна.
Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв байгуулагдсан нь манай улсын сүүлийн 30 жилийн түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх анхны томоохон инновацын төсөл болж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах тус төв байгуулагдсанаар олон улсын чанар стандартад нийцсэн, үйлдвэрлэлийн түвшний орчин үеийн үрийн генофонд (gene bank) бүхий дэлхийн улс орнуудын эгнээнд Монгол Улсыг нэгтгэж байгаагаараа онцлог юм.