Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн тэтгэвэрт гарсан ахмад дайчдад хүнсний ногоо тариалах анхан шатны мэдлэг олгож, өрхийнхөө хэрэгцээт хүнсний ногоог тарьж ургуулахад дэмжлэг үзүүлэх сургалт явууллаа.
Сургалтын зорилго нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын “хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах” ажлыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Сургалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 26 ахмад дайчид оролцлоо.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, мөн УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, ахмад дайчдын санал хүсэлтийг сонслоо.