Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт 21 аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр Төв аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтээ албан ёсоор эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн 2022” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотын Солонго цогцолборт эхэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Монгол улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үзэсгэлэнд оролцож буй жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзаж, санал солилцлоо.
Тус үзэсгэлэнд 27 сумын 254 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид 250 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна. Түүнчлэн шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, даршилсан ногоо, айраг, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, гар урлал, дээл хувцас, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалж байгаа юм.
Үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм.