“Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар эхэлж, нээлтээ хийсэнтэй холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодоржтой ярилцлаа.
-“Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Архангай аймаг хэрхэн оролцох вэ?
–Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар эхэлж, нээлтээ хийлээ. Энэ нь зүгээр нэг үндэсний хөдөлгөөн юмуу, аян болоод өнгөрөхгүй юм. 5-10 жилийн хугацаанд бид нар өнөөгийн түвшнөөсөө ямар түвшинд очих вэ гэдгээ тодорхой болгож байгаа хөтөлбөр, хүнсний хувьсгал гэж ойлгож болно.
Аймаг орон нутгийн онцлог гэж байна. Бидэнд ямар боломж байгаа, түүнийгээ ашиглаж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Манай аймаг бол хөдөө аж ахуйн салбар дээр л түшиглэнэ. Хөдөө аж ахуйн салбарын гол зорилго нь ард иргэдээ эрүүл хүнсээр хангах юм. Өнөөдөр бид нар үнэхээр эрүүл хүнсээр ард иргэдээ хангаж чадаж байна уу, үгүй юу, эрүүл хүнс гэдгээ баталгаажуулж чадаж байна уу, энэ нөхцөл байдлаа эхлээд зөв тооцох ёстой.
Цаашдаа өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанарын баталгааг нь бүрэн ханган, болж өгвөл энгийн аргаар биш үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангах зорилготой. Энэ томоохон зорилго зорилтыг хэрэгжүүлэхээр 5 жилийн хугацаатай төлөвлөгөө боловсруулж байна. Бид эхний ээлжинд аймгийн удирдлагуудтай ярилцаад 2023 оныг “Хүнсний хангамж-аюулгүй байдлыг сайжруулах жил” болгоё гэсэн байгаа. Энэ ажил бол зөвхөн салбарын мэргэжилтнүүдийн ажил биш юм.
Аймаг орон нутгийн удирдлагууд, сумын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа чухал. Дээр нь санхүүгийн эх үүсвэр чухал байна. Бид нар хүнсний хангамжийг сайжруулахын тулд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс эхлээд үрийн дэмжлэг үзүүлэх, хүлэмж, агуулах, зоорины тоогоо нэмэгдүүлнэ гэж үзвэл аймаг тодорхой хөрөнгийг төсөв дээрээ батлуулах шаардлагатай. Эцэст нь удирдлага зохион байгуулалт нэг цэгт, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа нэг цэгт, хөрөнгө санхүү нь тодорхой эх үүсвэрээс шийдэгдэж, шат бүрд хяналттай, баталгаажуулалттай явбал магадгүй хамгийн ойрын хугацаа 5 жил, түүнээс цаашдаа хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих болно. 5 жилийн дараа гэхэд Архангай аймгийн иргэд чанартай, баталгаатай, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн ийм үр дүнд хүрнэ гэж тооцож байгаа.
-Ард иргэдийн хүнсний хэрэгцээг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүнээр хэдэн хувийг хангадаг юм бол? Эрүүл, аюулгүй, чанартай байдал хэр хангагдаж байгаа вэ? Таван жилийн дараа гэхэд хэдэн хувьд хүрсэн байх вэ?
-Одоо бол хүнсний чиглэлээр сүүн бүтээгдэхүүн, өндөг, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд нийт хүнсний хангалтын 10 хувьд хүрэхгүй байгаа. Суурь түвшин нь 10 хувь л байна гэсэн үг. Харин төмс, мах, сүүгээр 100 хувь хангаж байгаа. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хангалт гэвэл 10 хувь ч хүрэхгүй л байгаа. Бид энэ хувийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгэдүүлнэ. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн болон зоорийн аж ахуй байгуулах, сумдад жижиг хүнсний цехүүдийг шинээр байгуулах шаардлага гарна. Энэ бүгдийг хийхэд санхүүжилт хэрэгтэй. Үүнийг зээлийн бодлогоор дэмжинэ гэж байгаа юм. 5 жилийн дараа гэхэд төмс 100 хувь байхад хүнсний ногоо 50 хувьтай, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 50 хувьд хүргэнэ гэж үзэж байгаа. Ингэхийн тулд баталгаажуулалт, тохирлын ажлыг үе шат болгонд хийх шаардлагатай.
Манайд бол жижиг үйлдвэрлэлүүд үйлдвэрлэлийнхээ хяналтыг үе шат болгондоо өөрсдөө хийж байгаа. Суманд энэ талын мэргэжилтэн байхгүй. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн хомс байгаа учраас орон нутагт хийж байгаа үйлдвэрлэлүүдэд хяналт тавьж чадахгүй байна. Тэгэхээр энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хөдөө орон нутагт ажиллах хөшүүргийг бодлогоор явуулах хэрэгтэй. Жишээ нь, хөдөө аж ахуйн салбарт сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлэх, шууд томилолтоор ажиллуулдаг болгох, цалин урамшууллыг сайжруулж, 5 жил тутамд уамшуулал олгодог болох гэдэг ч юм уу. Нэн түрүүнд хүнийхээ асуудлыг шийдэх нь маш чухал гэж харж, томоохон зорилт болгон оруулсан байгаа. Мэргэжлийн боловсон хүчин орон нутагт дутагдсанаас болж ард иргэд мэдээлэл, мэдлэг муутай байгаагаас хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж чадахгүй байна гэж харж байгаа.
-Мал аж ахуйн салбарын тухайд энэ хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнтэй нэлээд ойртсон болов уу гэж би харж байгаа. Манай аймаг хэдэн жилийн өмнөөс малыг ээмэгжүүлэн, бар кодтой болгож, малын мөшгих тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийж байсан? Энэ ажил одоо ямар түвшинд байгаа вэ? Таван жилийн дараа ямар түвшинд очсон байх вэ?
– 2019 оноос хөдөө аж ахуйн салбар цахимд шилжиж эхэлсэн. Эхлээд Мал эмнэлгийн мөшгих тогтолцоо гэж эхэлсэн. Одоо мал аж ахуй гэлтгүй хөдөө аж ахуйн бүх салбар цахимжиж байна. Өөрөөр хэлбэл, иргэн Гомбодорж 2022 оны жилийн эцэст зах зээлд борлуулах буюу хэрэгцээлэх малаа сумынхаа хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлнэ.
Тэгэхээр мал эмнэлгийн тархвар зүйчийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх мал тодорхой болж, төлөвлөгөөгөө гаргаад хавар, намарт нь вакцин, тарилга, туулга гээд малын эрүүл мэндийн үйлчилгээгээ үзүүлнэ. Үүний дараа худалдан авагч буюу үйлдвэрлэгч цахим систем рүү ороод Архангай аймгийн тэр сумын тэр багт төчнөөн тооны мал байна гэдгийг хараад шууд малчинтай холбогдох учиртай. Ингээд малыг бойлж, худалдааны лангуун дээр тавихад хэрэглэгч бар кодыг нь уншуулан махны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Ийм баталгаажуулалт хийгээд ирэхээр зөвхөн дотооддоо биш гадагшаа ч гаргаж болж байгаа юм. Энийгээ бид хараахан төгс болгож, баталгаажуулж чадахгүй байгаа учраас гадны худалдан авагчийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэхүү мал аж ахуйн систем нь хүрээгээ тэлээд хөдөө аж ахуйн салбарын систем болсон.
Та хэрвээ хашаандаа ногоо тарьдаг бол сумынхаа хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлчихээр та энэ цахим системд орчихно. Үүний үр дүнд та жилд хураасан хүнсний ногоондоо урамшуулал авах нөхцөл бүрдэх юм. Гол нь цахим системийн давуу тал нь урамшууллын систем нь нээлттэй, бүх мэдээлэл нь бодитой болж байгаа юм. Тэгэхээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь нэмэгдээд ирнэ гэж харж байна.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд Архангайд газар тариалангийн салбарт ямар ажлууд хийгдэх бол?
-Газар тариалангийн үйлдвэрлэл манай аймагт өсч байгаа. Гэхдээ бүрэн цахимжуулах шаардлага байгаа. 1-рт, энэ чиглэлийн боловсон хүчнээ бэлтгэе. Өнөөдрийн байдлаар тариаланчид насжиж байна. Ажиллаж байгаа залуучууд цөөн байгаа учраас мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ. 2-рт, эргэлтийн талбайгаа нэмэгдүүлье. Энэ ажилд сум орон нутгийн удирдлагуудын зохион байгуулалт маш чухал. Газар тариалангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэчихээд газрынхаа асуудлыг орхигдуулж болохгүй. Тийм учраас 5-10 жилийн хугацаанд хүн амын өсөлттэйгөө уялдуулж газраа шийдэх нь чухал.
Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэнэ гэдэг. Хүнсний үлйдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд ийнхүү газраа эхлээд шийдье гэж байгаа. Ингээд хүнээ бэлдчихлээ, газраа бэлдчихлээ, одоо тариалахад нь үрийн дэмжлэг үзүүлнэ. Өнөө мэргэжилтэй боловсон хүчин нь тухайн газар нутгийн хөрс, агаарыг шинжилж, тохирох үрийг олж өгнө. Хүлэмж байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ. Дараа нь худалдаалахад тариаланчид цахимд шилжсэн учраас гарал үүсэл нь тодорхой, баталгаатай учраас зовохгүйгээр худалдана. Харин илүү гарсныг нь яах вэ гэхээр зоорины асуудлаа шийдээд хадгалчихна. Ингээд энэ салбарын ажил сайжраад ирэхээр хөрс, ургац сайжирч, нэг га-гаас авах ургац нэмэгдэхээр үйлдвэрлэл нэмэгдэнэ, орлого нэмэгдэнэ. Нөгөө талдаа ард иргэдийн хүнсний хангамж, эрүүл аюулгүй байдал нэмэгдэнэ гэж харж тооцож байна. Ирэх 5 жилийн хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар манай аймаг 15000 орчим га-д тариалж байна. Ойролцоогоор 4500 орчим га-гаар нэмэгдэнэ гэсэн үг. Тэр хэмжээгээр ард иргэдийн хүнсний хангамж сайжирна гэж үзэж байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.