Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нийслэл хотын нээлт /2022.11.16/ Соёлын төв өргөөнд эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтнууд, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд ээ,
Нийслэл, дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид аа,
Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
Өнөөдөр Та бид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өрнүүлэх, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжих, асуудал, гарц шийдлээ ярилцахаар хуран цуглаад байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр ложистик, эрчим хүчний доголдол зэргээс улбаалан хүнсний хомсдол хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан асуудал болоод байна.
НҮБ-ын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан.
Дэлхий даяар хүнсний үнэ огцом өсөж, сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүйгээр хамгийн өндөр түвшинд хүрсэн.
Тухайлбал, бага орлоготой орнуудын 85 хувь, өндөр орлоготой орнуудын 90 гаруй хувьд нь бараа үйлчилгээний үнэ буюу инфляц хоёр оронтой тоонд хүрч өсөөд байна.
Түүн дотроо өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл өндөр хөгжсөн, дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ бүрэн хангах боломжтой улс орнуудад ч гэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн төдийгүй зарим улс орнууд дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч, хүнсний бараа бүтээгдэхүүн, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүндээ экспортын хязгаарлалт тавьж эхэлээд байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэлийг хийхээр тусгасан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.
Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах болно.
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
”Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар Улсын хэмжээнд Улаанбаатар хот хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн үзүүлэлт 68 хувь буюу хамгийн өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 27 хувь ноцтой алдагдсан байгаа нь анхаарал татаж байна.
Нийслэлийн хүн амын нягтаршил, хөрс, агаарын бохирдлоос хамааралтай хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр, эдгээрээс үүдэлтэй хорт хавдар, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчин эрс ихэссэн нь сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтээс тодорхой байна.
Иймд бид 650 гаруй хүнсний боловсруулах үйлдвэр, газар тариалангийн 70 гаруй аж ахуйн нэгж, 80 гаруй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах зоорь, агуулах, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн 6 дүүрэгт 5000 гаруй малчин өрх, 300 гаруй фермертэй нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл, баталгаат хүнс үйлдвэрлэх, нийлүүлэлт, хүртээмжийг зөв зохион байгуулах нэн шаардлагатай төдийгүй цаашлаад орон нутгийн хүн амын хүнсний хангамж, нийлүүлэлт шууд хамаарахыг анхаарах нь зүйтэй байна.
Өнөөдөр хүрэлцэн ирсэн шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч төрийн албан хаагч Та бүхэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт баялаг бүтээгчдийг шударга, оновчтой дэмжиж ажилласнаар бүтээгдэхүүний гарц, ашиг шим нэмэгдэж, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо хөгжиж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо хангаж, хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж цаашлаад экспортлогч улс болох бүрэн боломжтойг дахин сануулж байна.
Нийслэлийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрс сайжруулах, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх, гадаад дотоод үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд онцгой анхаарах ёстой.
Хүн амыг чанартай эрүүл хүнсээр тогтвортой хангахад нийслэл Улаанбаатар хотын хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх, хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх, бүх шатанд хүнсний аюулгүйн байдлын стандартыг бүрэн хангуулах шаардлагатай байна.
Үүн дотроо хүнсний аюулгүй байдал, хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгож, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэн, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох нь чухал юм.
Эрхэм хүндэт нөхөд өө,
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна.
Иймээс Төрийн Тэргүүний санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг өөр хооронд нь нягт уялдаа холбоотой хэрэгжүүлснээр Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудаа ханган хэрэгжүүлэх болно.
Ялангуяа энэхүү гурван үндэсний хөдөлгөөний зорилт бодлогын хэрэгжилт, үр дүн Монгол Улсын хүн амын бараг тал нь амьдарч буй нийслэл хотын хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхний манлайлал, оролцооноос шууд шалтгаална.
Хүн ардынхаа эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж эрүүл амьдрах орчин бүрдүүлэх их үйлсийн эзэд болсон эрхэм хүндэт нийслэлчүүд, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид Та бүхэн улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриалж байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Улаанбаатар хот
2022 оны 11-р сарын 16-ны өдөр