Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудтай танилцлаа.
НВЦ” групп нь 2003 оноос өндөгний үйлдвэрлэлийг эхлүүлж, 2011 оноос орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий 1 сая толгой өндөглөгчтэй эко шувууны аж ахуйн төслийг эхлүүлж өнөөдрийн байдлаар 650 000 толгой өндөглөгч, 110 000 дэгдээхэй буюу нийт 760 000 шувууны аж ахуйг бүрэн ашиглалтанд оруулан ажиллаж байна. Ирэх жилийн төлөвлөгөөнд өндөглөгч тахиан тоог 1 сая болгохоор зорин ажиллаж байгаа гэдгийг тус компанийн зүгээс хэллээ.Тус компани нь нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудыг 100% барьж байгуулсан байна.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “НВЦ” группын Баян өндөгний аж ахуй өнөөдрийн байдлаар 700 мянган өндөглөгч тахианы аж ахуйтай, түүгээрээ дотоодынхоо нийт өндөгний хэрэгцээний 53 хувийг хангаад ажиллаж байна. Цаашлаад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өндөглөгч тахиагаа 1.2 сая болгосноор дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж, импортын өндгийг халах хэмжээний хүчин чадалтай үндэсний мега үйлдвэр болохоор зорьж байгаагаа танилцууллаа. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр. Энэ мэт үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчид маань Төрийн тэргүүнийхээ санаачилсан “”Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үйлдвэрлэлээ өргөтгөх, нийлүүлэлтийн гарцаа сайжруулах, ажлын байраа өргөтгөх, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж” гэж харж төлөвлөгөө, зорилтоо танилцуулж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолд тусгаснаар Мал аж ахуйн чиглэлээр: гахай, тахианы болон өсвөр хонь, үхэр бордох аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулахад аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, урт хугацаатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгаа.
Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүний 53 хувийг “НВЦ” группийн БАЯН өндөг -ний үйлдвэр дангаараа нийлүүлж, 400 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган, өнөөдрийн байдлаар улсад нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн татвар тушаажээ. Энэ нь 16 сургууль, 44 цэцэрлэг барих хэмжээний мөнгө юм. Төр засгаас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор хүчтэй дэмжин ажиллавал эдийн засаг нь солонгорч, хүчирхэг хөгжингүй улс болох боломжтой.