Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 60 дахь үндэсний үйлдвэрлэгчийн үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал 30 жилийн түүхтэй “Жин туул” талх, нарийн боовны үйлдвэрт ажиллаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.
“Жин-Туул” ХХК нь Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн хүн амын нарийн боовны хэрэглээний 40 орчим хувийг талх, нарийн боовоор хангадаг томоохон үйлдвэрүүдийн нэг юм. Анх 1993 онд Улаанбаатар хотод 3 хүн, нэг шуудай гурилтай үүсгэн байгуулагдаж, 1996 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн талх, нарийн боовны үйлдвэр байгуулагдаж байжээ. Харин өнөөдрийн байдлаар 140 орчим ажилтантай, 8 цехтэй болон өргөжжээ.
Тус компани нь үйлдвэрээ орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглож, ажлын байраа нэмэгдүүлж, шинэ бүтээгдэхүүнүүд гаргасаар 19 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Мөн удирдлагуудын зүгээс монгол хүн эх орондоо хангалуун амьдрах ёстой гэсэн үзэлтэй ажилладаг бөгөөд ажилчдаа 2,5-7 сая хүртэлх төгрөгөөр цалинжуулжээ. Мөн 15 ажилчдаа 100 хувийн төлөлттэй орон сууцаар шагнасан байна. Ингэснээр байгууллагын үнэт капитал болох ажилчид тогтвор суурьшилтай бөгөөд ажилдаа сэтгэлээсээ ханддаг давуу талтай.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалт бий. Тус заалт ажил болж, тун удахгүй бага хүүтэй, урт хугацаатай зээлээр үндэсний хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийг дэмжих гэж байна. Энэ бол үйндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих ажлын дөнгөж эхлэл юм. Цаашид бид салбараа томоор харж, бодлогын хүрээнд бодитой дэмжлэг үзүүлэх болно. Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засаг хямралтай байгаагийн сацуу зарим улс орны төрөл бүрийн бордоо, үр, тариалангийн бусад бодис, урвалжуудыг худалдан авах эрэлт, үнийн өсөлт нь ургацад шууд нөлөөлж байна. ОХУ Украины дайн дэлхийн үр тариа, биологийн болон химийн бордоо, наранцэцгийн үр, тос, мал амьтны тэжээлийн нийлүүлэлтэд хүчтэй нөлөөлж дэлхийн зах зээл дээр огцом үнийн өсөлт үүсгэж байгаа нь ядуу, буурай, хөгжиж буй орнуудад хүнд тусаж байна. Энэ үед бид үйлдвэрлэгчдээ түшиглэн, амжиж эх орондоо хүнсний хувьсгал хийхгүй бол хожим бид илүү том асуудалтай нүүр тулж болзошгүй. Баялаг бүтээгчид, ард иргэд ч үүнийг ойлгон, идэвхтэй дэмжиж байгаад талархаж байна.
“Жин туул” ХХК-ийн Үйлдвэрийн хариуцсан дарга Л.Энхтайван :
Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, ард иргэдээ талх, нарийн боовоор хангаж ирсэн. Манай байгууллагын хамгийн бага цалинтай ажилтан л гэхэд сард 2,5 сая төгрөгөөр цалинждаг. Мөн үйлдвэрийн ажиллагаанаас хамаарч үүнээс илүү авах ч тохиолдол бий. Энэ хэрээр нийгмийн даатгалын татвар их төлдөг. Ковид19 тархсан жилүүдэд түүхий эд ховордож, тээвэр ложистикийн асуудал тулгарсан нь бидэнд багагүй бэрхшээл болсон. Энэ алдагдлаа одоо ч нөхөж дуусаагүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган эх орондоо хүнсний хувьсгал хийхээр шулуудсанд үйлдвэрлэгч бид баяртай байна. Энэ хүрээнд татварын зөв бодлогоор дэмжих байх гэж найдаж байгаа.
Амт чанартай боовтой. Үйлдвэр нь сайхан байгаад сэтгэл хангалуун байна
Чанартай амттай бүтээгдэхүүнтэй шүү