Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын дор Монголын мөөгний салбарын эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогч төр засгийн төлөөлөл бүхий оролцогчдын зөвлөгөөн “МӨӨГ – ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдвээр /2023.03.13/ Шинжлэх Ухааны Академийн Их Чуулгын танхимд зохион байгуулагдлаа.
Манай улсын мөөгний хэрэглээний 1-3%-ийг дотоодын үйлдвэрлэгчид хангадаг гэсэн судалгаа бий. Мөөгний үйлдвэрлэлийг зөв бодлоготой, шинжлэх ухааны үндэслэлтэй, кластер технологиор хөгжүүлснээр ургацын гарц нэмэгдэж, импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Иймд Монголын мөөг үйлдвэрлэгчид мөөг үйлдвэрлэх технологи хөгжүүлэлт, сайжруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөөгний судалгаа, технологи хөгжүүлэлтийн чиглэлд хамтран ажиллахаар нэгдлээ.
Зөвлөгөөнд УИХ-ын дэд дарга О.Баатарцогт, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Референт А.Амаржаргал, ШУА-ийн Ерөнхийлөгч С.Одонтуяа, Академич Ч.Рэгдэл, ШУА болон ХААИС-ийн эрдэмтэн докторууд, мөөг үйлдвэрлэгч баялаг бүтээгчид хуран чуулж, салбарын ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид хийх ажлаа хэлэлцээ.
Зөвлөгөөнийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сургууль, Монголын Мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг хамтран зохион байгуулав.