Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.04.14/ үндэсний үйлдвэрлэгч “Монлабел” ХХК-д ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан санал хүсэлтийг сонслоо.
“Монлабел” компани нь эх орны үйлдвэрлэгчдийн, ялангуяа хүнсний үйлдвэрлэгчдийн сав баглаа боодол, шошгоны өнгө үзэмж, чанарын шаардлагад нийцсэн олон төрлийн материал дээр, олон төрлийн хаяг шошго үйлдвэрлэж байна.
Хэвлэлийн салбартаа анх хаяг, шошго, сав баглаа боодлын хөгжлийн дэлхийн чиг хандлагад нийцсэн, орчин үеийн өндөр технологи, өндөр хүчин чадалтай хэвлэх машин, тоног төхөөрөмжийг Тайван улсын LABELMEN – MACHINERY компаниас оруулж ирэн, бүх төрлийн ус ундаа, архи пиво, вино, гоо сайхны бүтээгдэхүүний шошго үйлдвэрлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгыг олон төрлийн материал дээр үйлдвэрлэж дотоодын хүнс үйлдвэрлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд өнгөрөгч оны тавдугаар сараас өнөөдрийг хүртэл өөрийн биеэр үндэсний үйлдвэрлэгчид, газар тариалангийн салбарууд, мал аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлээд байна. “Монлабел” ХХК нь төрийн тэргүүний ажилласан 43 дахь үйлдвэр юм.