Өнөөдөр /2023.05.27/ үндэсний үйлдвэрлэгчдийн “Баялаг бүтээгч-Business tour” 4 дэх удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “М-СИ-ЭС КОКА КОЛА” ХХК-тай танилцлаа.
Үндэсний үйлдвэрлэгчдийг “М-СИ-ЭС КОКА КОЛА” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Х.Хажидмаа угтан, үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцууллаа.
Энэ удаагийн аялалд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
- ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг,
- БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь суурин төлөөлөгч KOPIA Монгол төвийн захирал У Мён Гюу,
- KOPIA Монгол төвийн ажилтан Г.Балжинням,
- Голомт банкны Байгууллагын хөгжлийн хэлтсийн дарга Б. Нямдэлгэр нар болон 50 гаруй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо.
“М-Си-Эс Кока Кола” ХХК нь өнөөдрийн байдлаар 21 брэндийн 150 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг бөгөөд 950 хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн 2018 оноос “Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр 1-2 төрлийн амтыг бууруулж байхаар төлөвлөжээ. Компани өнгөрсөн хугацаанд Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулаад байна.