Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжин, “Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй уулзах, санал хүсэлтийг нь сонсох ажил үргэлжилсээр байна.
Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны гишүүд “Баялаг-Өлзий ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
Баялаг-Өлзий ХХК нь 1991 оноос эхлэн малын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа эхлүүлж, 2008 оноос сарлагын хөөвөр, ноос, ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх болжээ. Ингэхдээ түүхий эдээ бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах хүртэлх бүх үе шатад хяналт тавьж ажиллаж байна.
“Баялаг- Өлзий” ХХК-ийн “Бодиос Кашмер” брэнд нь анхан шатны түүхий эд боловсруулах болон сүлжмэл эдлэлийн гэсэн хоёр төрлийн үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд малын гарал угсаа нь тодорхой түүхий эдийг малчдаас зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, дэмжлэг үзүүлж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгон нийт борлуулалтын 76%-ийг ОХУ, Англи, Америк, Япон, Солонгос болон Европын нэгдсэн улсуудад экспортлож байна.
Тус компани ирэх 2024 онд шинэ үйлдвэрийнхээ нээлтийг хийж, Монгол Улсаа дэлхийд эерэгээр сурталчлах томоохон ажил хийхээр бэлдэж байна.