Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойг тохиолдуулан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ – Хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар” сэдэвт олон талын уулзалт Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.
1973 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элсэж, өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг устгах, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн нийтийн зорилго дор нэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд тус байгууллага монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд энэ жил 50 жилийн босгыг давж байна. Энэ хүрээнд Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна.
Монгол Улсын хувьд уур амьсгалд асар мэдрэг байдаг. Монгол газар нутгийн 1 хувьд газар тариалан эрхэлдэг дээрээс нь цаг уур эрс тэс, цөлжилт өндөр байгаа нь газар тариалангийн боломжийг хумьж байна. Нөгөө талаар бэлчээр талхлагдаж мал аж ахуй эрхлэхэд жилээс жилд хүндрэл үүсэхээр байна.
2016 оноос Монгол Улсын газар нутгийн нийт цөлжилтийн хэмжээ 66 хувиас 77хувь болж нэмэгдсэн. 2011 онд улсын хэмжээнд хийгдсэн усны тооллогын дүнгээр 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуур тоологдсоны 483 нь 2020 оны байдлаар ширгэсэн байжээ. Мөн БОАЖЯ уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаанд дэлхийн дундаж температур 0.7 хэмээр нэмэгдэхэд Монгол 2 хэмээр нэмэгддэг талаар бичсэн байна. Дэлхийн дундаж температур 2050 оноос 1.5-2 хэмээр нэмэгдэхэд Монгол 4 хэмээр нэмэгдэж болзошгүй байгаа юм.
Ингэснээр манай улс зундаа +40-50 хэм хүртэл халах аюул тулгарч байна. Энэ тохиолдолд газар тариалан зогсож, бэлчээр талхлагдснаар мал аж ахуйгаа хүртэл бүхлээр нь алдах аюултай. Иймд Африкийн улс орнуудад тулгараад буй хүнсний хямрал манай оронд ч яваандаа тулгарах аюул ажиглагдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг санаачилж, 17 зорилгыг дэвшүүлж байв. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эдгээр зорилго бүрэн биелэх боломжгүй нь тодорхой болжээ. Ялангуяа өлсгөлөнтэй тэмцэх зорилт биелэхгүй болохоос гадна дэлхийн өнцөг булан бүрт улам эрчээ авсаар байна.
2021 оны байдлаар дэлхийн хүн амын бараг гуравны нэг буюу 2.31 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Энэ нь цар тахлын өмнөх сүүлийн жил буюу 2019 онтой харьцуулахад ойролцоогоор 350 саяар илүү байна. Мөн 2020 оны байдлаар 3,1 тэрбум хүн эрүүл хүнс худалдаж авах чадваргүй гэсэн судалгаа гарсан бөгөөд энэ нь 2019 оныхоос 112 саяар илүү байна.
Энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж,аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд ирээдүйд тулгарах хүнд сорилтуудтай тэмцэхэд чухал нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол бий.
Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, ард иргэдийн өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолоор батлуулснаар Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын хүнсний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дээрх дурдсан бодлогын баримт бичгүүд ихээхэн түлхэц болсон бөгөөд үндэсний хэмжээний зорилт бүхий хөдөлгөөн болж хэрэгжиж байгаа нь тогтолцооноос илүүтэй чухал амжилт юм.
Өөрөөр хэлбэл Хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тухайн салбарын бүтэц, тогтолцооноос илүү эдийн засаг, ногоон хөгжил зэрэг бүхий л салбарын оролцоо, уялдааг бүрэн хангах нь нэн шаардлагатай гэж үзэж байна.
Хөдөө аж ахуйн хүнсний салбарыг бодлогоор дэмжих ажлыг маш яаралтай зохион байгуулах шаардлагатай гэдгийг олон улсын байгууллагууд, улс орнууд дэвшүүлсээр байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч нөхцөл байдлыг гартаа аван, санаачилга гарган “Хүнсний хувьсгал” өрнүүлсэн нь тулгамдсан асуудлыг шийдэхэд манлайлал болж буйг уулзалтад оролцогчид онцолж байв.