Органик хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сант суманд Органик хүнс боловсруулах цех үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Тус цех нь бүх төрлийн вакум савлагаатай хүнсний ногоо үйлдвэрлэхээс гадна байгалийн зэрлэг жимсний чанамал, даршилсан ногоо үйлдвэрлэх аж.
Мөн сүү, цагаан идээ боловсруулж худалдаанд гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
“Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршооны энэхүү үйл ажиллагааг “Хөгжлийн шийдэл” ТББ, Сант сумын ЗДТГ-аас дэмжин хамтран ажиллаж байгаа аж.
Органик үйлдвэрлэлийн зорилго нь агаар, хөрс, усны нөөцийг бохирдуулахгүйгээр ургамал, амьтан, хүн, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг хамгаалахад оршдог байна. Түүнчлэн тухайн бүтээгдэхүүнийг органик аргаар боловсруулсан ч хяналтанд хамрагдаагүй, гэрчилгээжүүлээгүй бол органик бүтээгдэхүүн гэж үзэхгүй юм байна.
Экологийн бүтээгдэхүүнийг зөвхөн үйлдвэрлэлийн үе шатанд биш, худалдан авах, хадгалах, савлах, борлуулалтын үе шатанд органик аргаар боловсруулдаг байх ёстой аж. Иймээс эдгээр үе шатуудыг хяналт ба баталгаажуулалтын байгууллага шалгаж үзэх ёстой ажээ.