Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганы нээлтэд илгээлт илгээж, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж танилцууллаа.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэмсэг Хатагтай, ноёд оо,
Энэ сард АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдах НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-Дээд хэмжээний уулзалт”-ыг угтан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, сорилт бэрхшээл, нөөц боломжоо хэлэлцэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлох зорилготой энэхүү үндэсний чуулганы нийт хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн хугацаандТогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Та бид чамлахааргүй үр дүнд хүрсэн.
Дэлхий нийтийн ядуурал, хүнсний хомсдол, байгаль орчноо хамгаалах, нийгмийн шударга ёсыг тогтоох зэрэг хүн төрөлхтний амар амгалан, сайн сайхан амьдралын үндэс болсон тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улс холбогдох бодлогын баримт бичигтээ нарийвчлан тусгаж, уялдуулан ажиллаж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд бодлого, үйл ажиллагаандаа Тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэсэн 3 тулгуурт үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж байна.
Энэ дашрамд энэхүү үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжин ажиллаж байгаа Та бүхэнд талархал илэрхийлье.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөө эрчимжиж, биологийн олон янз байдал хомсдож, байгаль орчны доройтол, бохирдол нэмэгдэж, цар тахал тохиосон зэрэг нь дэлхий нийтийн тогтвортой хөгжилд том сорилт учруулж байна.
Мөн геополитикийн нөхцөл байдал нь хүнс, шатахууны үнэ болон санхүүжилтийн өртөг зардлыг нэмэгдүүлсэн нь тэрбум тэрбум хүний аж амьдрал, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хүндхэн сорилт болж байна.
Энэ амаргүй цаг үед хүний нөөц, тогтолцоо-институтийн чадавх болон санхүүжилтийн механизмаа эрс сайжруулах зэрэг олон тулгамдсан асуудлуудад дэлхий нийтээрээ онцгой анхаарч байна.
Ялангуяа, ихэнх хөгжиж буй орнуудын төсөв, санхүү, өрийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хүндрэл учруулж, санхүүжилтийн хэрэгцээг эрс нэмэгдүүлээд байна.
Олон улсын байгууллагын судалгаагаар цар тахлын өмнө тогтвортой хөгжлийн санхүүжилт хэрэгцээ жил бүр 2.5 орчим их наяд ам.доллароор үнэлэгдэж байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллароор хэмжигдэж, бараг 70 хувиар өсөөд байгаа тооцоо гарчээ.
Мөн хамгийн багадаа 54 хөгжиж буй улс орнууд өрийн гүнзгий эрсдэлтэй нөхцөлд байдалд байгааг ч судлаачид сануулж байна. Тухайлбал, 3 улс орон бүрийн 1 нь өрийн үйлчилгээгээ хийх чадамж сул байгааг судалгааны үр дүн харуулсан байна.
Зөвхөн уур амьсгалын санхүүжилтийн хувьд 2020 онд хөгжсөн орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулна гэж амлалт өгч байсан бол өнөөдөр бодит гүйцэтгэл хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна.
“Тогтвортой хөгжлийн зорилт – 2030” хөтөлбөрийн хувьд хэрэгжих хугацаа талаасаа өнгөрч байхад нийт хэрэгжилтийн дөнгөж 12 хувь нь төлөвлөсний дагуу, 50 хувийн хэрэгжилт сул, 30 хувийн хэрэгжилт царцсан буюу зарим нь бүр ухарсан дүн гэсэн дүгнэлт гарчээ.
Үндсэндээ тогтвортой хөгжлийн зорилтууд нь дэлхий нийтийн эдийн засаг, геополитикийн хуваагдлыг засах, итгэлийг сэргээх, нэгдмэл байдлыг бий болгох зорилготой ч дээрх хүндрэл бэрхшээлүүд нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх, эдийн засаг, геополитикийн хуваагдлыг даамжруулах эрсдэл бодитоор нүүрлээд байгааг судлаачид анхааруулсаар байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлсэнчлэн “Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх нь Та бидний өнөөгийн хүч чармайлтаас шууд шалтгаалах” нэн хариуцлагатай цаг үед хүн төрөлхтөн амьдарч байна.
Тиймээс энэ амаргүй цаг үеийг Та бид хүчин чармайлтаа нэмэгдүүлж, гагцхүү хамтдаа даван туулах нь урьд урьдынхаас илүү чухал боллоо.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар эрх зүйн шинэчлэлийг шат дараатай хийж байгаа бөгөөд 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон.
Мөн Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулж, манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, харин ядуурлыг бууруулах зорилгын хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдсэн.
Түүнчлэн манай улс тогтвортой хөгжлийн зорилтоо 2030 он гэхэд амжилттай ханган хэрэгжүүлэхэд жил бүр дунджаар эдийн засгийнхаа 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт хэрэгтэй гэсэн урьдчилсан үнэлгээ ч гараад байна.
Манай улс 2030 он гэхэд зорилтоо амжилттай ханган хэрэгжүүлэхэд 134 зорилтын 27.6 хувийг хэвээр хадгалах, 54.5 хувийг эрчимжүүлэх, 17.2 хувьд нь онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Цаашлаад Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтоо амжилттай ханган хэрэгжүүлэхэд дараах асуудлуудыг онцгой анхаарах нь зүйтэй байна. Үүнд:
- Тогтвортой хөгжил, уур амьсгалын санхүүжилтийн үүсвэрүүдийг бүрдүүлэхэд бодлогын оновчтой хөшүүрэг ашиглах. Тухайлбал, тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний үр дүнд чиглэсэн төсвийн шинэчлэл хийх;
- Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, биологийн олон янз байдлын хамгаалал зэргийг сайтар харгалзаж, санхүү, төсвийн ангиллаа сайжруулж, хөрөнгийн зарцуулалтыг хөгжлийн зорилтуудтай нягт уялдуулах, үнэлэх, хэмжих, удирдах тогтолцоогоо сайжруулах;
- Төсвийн орон зай бага байгаа энэ цаг үед хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг оновчтой ашиглах;
Түүнчлэн хяналт, тайлагналт, үнэлгээний тогтолцоогоо сайжруулах, санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын болон төв, орон нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийх нь зүйтэй юм.
Та бидний дэвшүүлсэн “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын дагуу бүс, орон нутгийн хөгжлийн ялгаатай байдлыг багасгах, үйлдвэрлэл, экспортыг дэмжих тээвэр, логистикийг сайжруулах, нийгмийн суурь үйлчилгээг ард иргэдэд тэгш хүртээхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байна.
Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтууд хэрэгжих нэг гол үндэс суурь бол Та бидний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, оролцоо манлайлал юм.
Тиймээс өнөөдрийн үндэсний чуулган нь Та бид илүү нягт хамтран ажиллахыг уриалахын зэрэгцээ олон талын санал, зөвлөмжийг тусгасан үр дүнтэй чуулга уулзалт болно гэдэгт Төрийн тэргүүн итгэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.