Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлж, зах зээлийг өргөтгөн борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн төв Сүхбаатар хотод “Сэлэнгэ Алтан намар-2023” үзэсгэлэн худалдаа 2023 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгоноос төмс хүнсний ногоо даршилсан бүтээгдэхүүн, ааруул, цагаан идээ, жимс, жимсгэнэ, гар урлал, мод модон эдлэл, арьс ширэн эдлэл, тарьц суулгац зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, 170 гаруй ААН, байгууллага оролцлоо.
“Намар цагт Сэлэнгэчүүд хамгийн баян” хэмээн өөрсдийнхөө ургуулж, тарьсан ногоо жимсээ дэлгэн танилцуулж буй тариалангийн бүс нутгийнхан энэ жил ургац арвин байгааг онцоллоо.