Жил бүр уламжлал болгон Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн санаачилгаар зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээ 2023.09.18-ны өдөр болж өндөрлөлөө.
Уг өдөрлөгт эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн болон гар урлал, модон эдлэл, хувцас болон бэлэг дурсгалын төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой нэгдсэн арга хэмжээг Аймгийн төв талбай буюу М.Икей баатрын талбайд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар хамтран амжилттай зохион байгуулаад байна.
Арга хэмжээний нээлтэд ЗДТГ-ын дарга Б.Мухаммед, ХОХБТХэлтсийн дарга Х.Бахытгүл, Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой цогц арга хэмжээ болж байна.
“Намрын ногоон өдрүүд- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээнд тус аймгийн 100 гаруй үйлдвэрлэгч, тариаланч нийт 150 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргээд байна.