Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд эхлүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо “Манай улс 2030 он гэхэд тэрбум мод ургуулахаар төлөвлөсөн” гэж зарласан байдаг.
Ингээд энэ хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж Монгол орон даяар мод тарих үйл явц идэвхитэй өрнөв. Манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлэхээр болсон нь цагаа олсон онцгой ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байгаа юм.
“Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” хэмээн монголчууд ярьдаг бөгөөд хүн болж төрөөд заавал хийх ёстой үйлийн нэгд мод тарих ажил зүй ёсоор ордог. Сүүлийн үед найман настай балчираас наян настай буурал хүртэл мод тарихын ач холбогдлыг ойлгох ухаан, ухамсартай болсон нь сайшаалтай. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Баттөмөрийн Жамсран нь Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд 22 сая нарс мод тарьж ойжуулсан байдаг. Эх орон байгаль дэлхийгээ гэсэн энэрэнгүй сэтгэлтэй түүгээр бахархаад баршгүй.
Түүний залгамж халаа болсон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Хөх чулуут нэртэй газар 300 мянган тарьц нь аглаг сайхан ой болсон залууг өнөөдөр нийгмийн сүлжээнд мөн л сайшааж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа: “Арван гурван жилийн өмнө ардаа үүрч, Алгандаа бөөцийлж тарьсан гурванзуун мянган тарьц маань аглаг сайхан ой болжээ” хэмээжээ.
Үүгээр зосгохгүй Нийслэлийн 80 дугаар цэцэрлэгийн бяцхан шавь нар хүртэл өөрсдийн тарьсан ургацаа намартаа хураан авдаг болсон нь олон хүүхэд багачуудад үлгэр дуурайлал болж буй. Нэг ширхэг мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг байна. Зуны хэт хуурай халууныг ногоон байгууламж 2-3 хэмээр бууруулдаг бол өвлийн улиралд агаарын температурыг 2-3 хэмээр нэмдэг. Ногоон байгууламж хур бороо орсны дараа борооны усыг барих, хадгалж үлдэх замаар агаарын чийгшлийг 8 хувиар ихэсгэнэ. Орчин тойрны чийгшлийн 75 хувийг хөрсөнд шингээдэг аж.
Монгол Улсын хэмжээнд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ өдрүүдэд эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, Тарьсан модоо усалж, тордож, ургуулах нь ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хийж буй ариун сайн үйлс билээ.