Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа болон Мал эмнэлгийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Уянга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг дэмжих, нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (ХААХХЯ)-тай хийсэн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр болон Монгол Улсад Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”-ын үр дүн ач холбогдол, мөн Мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (ХААХХЯ), Мал эмнэлгийн ерөнхий газартай дараах ажлуудыг хийхээр тохиролцсон. Тодруулбал:
- Монгол Улсаас БНСВУ-ын зах зээлд хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
- БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
- БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд өндөг, өндгөн бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний нөхцлийг тус тус эцэслэн тохиролцож, баталгаажуулсан.
Мөн уулзалтаар “Мал эмнэлгийн байгууллага өнөөдөр Монгол Улсад малын гоц халдварт өвчингүй тайван байдлыг хангаж, мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахицтай 50 мян тн мах экспортолж, гадаад хамтын ажиллагаа сайжиран ажиллаж байна. Тус салбарын олон мянган малын эмч, үржлийн албаны үе үеийн ахмадууд, эрдэмтэн мэргэд, ажилтан албан хаагч нар энэхүү түүхт ойн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, Хүнсний хангамж, аюулгүй байдлын хөдөлгөөний хүрээнд зохион байгуулах хүсэлтэй байгаа” хэмээн Мал эмнэлийн Ерөнхий газрын дарга А.Нарантуяа хэлэв.