“Сохор азын хойноос эцэс төгсгөлгүй хөөцөлдсөнөөс эгэл даруухан амьдрал илүү их аз жаргал авчирдаг”- Альберт Эйнштейн
“Хэрэглээний донтолт” гэх мэргэн үгийг анхлан гишүүн, сайд Б.Чойжилсүрэн яриан дундаа гаргаад ирсэн сэн. Де-факто Жаргалсайхан бид гурав баахан буу халахгүй юү. Улс орны хөгжил дэвшил болохгүй байна, яавал сайн сайхан болгох вэ гэдэг сэдэв л ярина шүү дээ. Би ч бас санасан бодсон, эмзэглэдэг, эргэлздэг зүйлээ ярилаа. Яриан дундаасаа ургуулж баяжуулаад нийтлэл болгосноо дор буулгаж байна. “Хэрэглээний донтолт”–ийм нэгэн өвчин монголчуудыг баллаж байна. Эх орныг минь ч баллаж байна. Ямар дон нь шүглэсэн юм, монгол хүн ертөнцийн бүх жаргалыг эдэлж, идэж ууж, хэрэглэж байгаад үхэх ёстой гэсэн мухар сүсэг. Нийгмийн амьдралд, хувийн амьдралд бүх углуурга нь ханачхаад байхад дон донтолт нь ханахгүй. Тэгж ханахгүй байгаагаас монголчуудын хэрэглээний хэтрүүлэг тасрахгүй.
Монголчууд бид феодализмын үед хэдэн үеэрээ ядуу гуйлгачин түүлгэчин явсан юм ёстой бүү мэд? Маш олон үеэрээ тийм байсан бололтой. Социализмын жилүүдэд ч дефицит гэдгийг хангалттай амссанаа санаж байна. Дан дутуу, олдохгүй, ховор, тэр хэрээрээ үнэ цэнтэй.
Социализмын жилүүдэд, тухайлбал 1970-1980-аад оноо би сайн санадаг юм. Сүү махны бөөн проблем. Махан дээр алалцдаг байв. “Хүнсний хорь”, “Тавь”-д мах худалдаалах болно оо ёстой алалцдаг байсан даа. Эмээдээ сүү хайгаад бидон санжгануулаад хотоор нэг дэмий тэнэж миний хүүхэд нас өнгөрсөн. Орос дэлгүүрийн үүд сахигч нийгмийн бүхэл бүтэн давхарга (арай ч биш юм уу?) байсан даа. Дамын наймаа, панз гэдгийг одоогийн монголчууд мэдэхгүй, тэр хоёр үгс үгийн сангаас хасагдсан. Тэгвэл социалист Монголд дамын наймаа, панз цэцэглэж байсан сан. Ганц нэг өнгөтэй өөдтэй эд бараа (хувцас голдуу) худалдаанд гарна аа, бөөнөөр нь арын хаалгадаж аваад ховордуулчхаад хар зах дээр зарж хөлжихийг дамын наймаа, панз гэнэ.
Япон өнгөт зурагт NEC 1987 онд УИД-д худалдаалахад их дэлгүүрийг нураачих шахам хэдэн өдөр оволзсон санагдана. Зөвлөлтийн мэргэжилтнүүд өндөр цалинтай, мөнгөн хуримтлалтай тул мөн ч ихийг нутаг руугаа зөөсөн дөө. Хөөрхий монголчуудын олонх нь хар цагаан “Темп”-тэйгээ 1990 оны Цагаан морин жилтэй золгосон. Ахуйн хэрэглээнд “хэрэглээний донтолт” тусах нийгмийн хөрс нь бэлээхэн байж ирсэн. Өмсөх зүүх дээр ч ялгаагүй. Оросуудаасаа сурч авсан хүмүүжил юм даа, учиргүй их гоёж гооддог, хувцас нөөцөлдөг, нөөцлөх ч юу байхав шуналын дэв нь хөдлөөд шкаф шүүгээ дүүрэн хувцас цуглуулдаг дон монголчуудыг хүчтэй нэрвэсэн.
Ахуйн шунал ба гүйцээж барахгүй их хэрэглээг нь энэ хүрээд азная. Нэг үгээр бол монголчууд дэндүү их шуналтай, шунал ба өр ширнээсээ болж хэнд ч (гаднын шүү!) худалдагдахад бэлхэн байгаа гэнэн цайлган ард түмэн. Бас нэг их шунал байна аа. Төр зогсоож чаддаггүй, Төр өөрөө автчихсан. Шуналд нь Төр хөтлөгдчихсөн. Одон медаль, гавьяа шагналын шунал! Энэ их одон тэмдэг, шагналын хур, дээр нь энэ их жийп машины өрсөлдөөн, баярхал чинь улс орны маань хөгжилд яагаад нэмэр болдоггүй юм бэ гэхтэй зэрэг бид бүгд мад сууна. Хэлэх үг байхгүй, олдох ч үгүй. Лав надад тийм. Гадаадынхан гайхширан, ёжлон ярихыг бишгүйдээ нэг сонсож байлаа. Адаглаад л хятад, өвөр монгол найз нар маань бүр элэглэн ярьж байсан даа.
Шуналтнуудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хандуулж хэлсэн лут афоризм байна:–Зайсангийн бүх газар отог нэртэй олгогдсон. Отгууд маань өндөр үнэтэй орон сууцны хорооллууд болсон. Бид нүдээ боогоод отог гэдэгт нь итгэхийг хүссээр явах уу. Эсвэл отог биш орон сууцны хороолол шүү дээ гээд цэгцлэх үү. Өөрсдийгөө ч, бусдыгаа ч хуурсаар байвал ирээдүйд бүр л том зовлон үлдээнэ. Тиймээс би зарим хүнийг гомдоосон ч нийтийн эрх ашгийн барих зарчим дээр зогсоно гэжээ.
Шунал ба хэрэглээний нөгөө донтолт нь уулын амыг тамын газар болгоод хувиргачихсан дүр зураг бууна. Ерөөсөө нийслэл хот тэр чигээрээ шуналын дэвтэнгүүдийн тулалдааны талбар ба идэшний талбар. Хотын төвөөр дүүрэн шилэн, өндөр тауэрууд дүүрлээ. Хөл гишгэх зайгүйгээр. Гурван давхар хуучин барилга буулгана, оронд нь зургаа долоон давхрыг босгоно. Эсвэл хорин давхар сүндэрлэнэ. Машины зогсоол нь гаднаа арван машин зэрэгцүүлэхэд л цаашаагаа дайн дажны хэмжээнд очтол хэмлэлдүүлнэ. Зогсоолын төлөө алалцлаа гэдэг үгс сонсоход би л лав гайхахгүй.
Яг энэ өнцгөөсөө би бусад бүтээн байгуулалтыг нь олж харж дүгнэдэг. Баригдан буй нүсэр барилга, стандарт бус хашаа, явган хүн зорчих боломжгүй умгар жим. Тэр жимээр нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, жирийн иргэд ихээр зорчино. Явган зам тавиулчихвал түүнийгээ уул нурааж ус эргүүлсэн мэт том ажил болгон рекламдана. Газар чөлөөлөн явган хүний зам тавих ажил ард иргэний дайны уур амьсгалд тэмцэлдэн өнгөрнө. Хөөрхий ганц нэг газар чөлөөлөлт хийсэн умгар талбайд л Улаанбаатарын зам засвар, арчлалтын ажил хийгдэнэ. Барилга барьж буй компаниудын ховдог шуналыг гайхаж барах юм биш. Нөгөө зугаалах, гадаалах, хүүхэд тоглох, нарлах талбай нь бүгд умгар. Сүрлэг өндрүүдийн зай завсарт, ёстой аргалсан болоод өнгөрүүлнэ. Юун дэлхийн стандарт. Ёстой өрөвдмөөр.
Хөдөөдөө ч ялгаагүй. Хөдөөг талхалж дууссан. Дахиад талхлахад бэлхэн. Хотын газар дууслаа гэхэд хөдөөгийнх үлдмээрсэн. Ядаж малын хөлийн тоосонд даруулалгүйгээр хэвийн тайвнаараа. Хэрэглээний донтолт нь ихдээд, дуусашгүй их мал сүрэг, бэлчээр, талбай өөртөө бөөгнүүлчихсэн. Улс орны хэрэгцээ шаардлага, бэлчээрийн даац, элэгдэл, мал аж ахуйн гадаад түншлэл ер падгүй гэсэн шиг. Малчдын чин хүсэл нь “Арван мянгат”, “Мянгат” малчин болж аваад Цагаан сараар яамныхаа шагналд нэр дэвшин шагнуулах. Шагналаа авч далай шиг найр наадам хийж, баярхаж суух нь цорын ганц хүслэн нь. Гэтэл хэрэглээний донтолт шунал хоёрыг нь Төр шүүрч авч зохицуулчих гээд л. Малчдад хайртай бөөн хүн.
Ердөө л хоёрын хооронд гурвын дунд. Төрийн бодлогыг илэрхийлсэн нэгэн үгс байна. “1978 онд Монгол Улс 24.0 сая орчим толгой малтай байв. Харин 2022 оны жилийн эцсийн тооллогоор 71.1 саяд хүрсэн байдаг. Мал сүргийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа ч нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч, түүний сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна” гэж Монголын радиогийн захирал ярьсан байх юм.
“Нааштай өөрчлөлт гарч байгаа”, “Нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч, түүний сөрөг үр дагаврууд” гэж ирээд л авч ч болохгүй, хаяж ч болохгүй бөөрөнхийлөөд орхижээ. Төр нь ч яг тэгж үздэг. Аль нэгийг нь л авмаар байна. Хэрэглээний донтолт, шунал хоёр нь энэ их малыг буй болгоод тэр нь сөрөг үр дагаварт хүргэчихсэн юм биш үү?
Ерөнхийлөгч анхааруулж хэлсэн үгс:–Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална гэсэн үг, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг. Манай улс жилд 2.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хэмжээний хөрсөө алдаж байгааг НҮБ анхаарууллаа. Эрүүл, үржил шимтэй хөрсгүйгээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг төсөөлөх боломжгүй! Бэлчээрээ бартал тархан бэлчсэн мал сүрэг хөдөөд шавааралдлаа. Хэрэглээний донтолт, шуналын дэвд хөтлөгдсөн маш олон өндөр сүрлэг барилгууд нийслэлд шавааралдлаа. Энэ их шаваарсан “бүтээн байгуулалт” чинь нэг л өдөр хэлж мэдэхгүй, засаж залруулж чадахгүй нийгмийн тэсрэлтэд хүргэх юм биш байгаа?
Нийтэлсэн Д.Баярхүү