Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр өнөөдөр “Харүмафүжи сүүний ферм”-ийн үүсгэн байгуулагч Д.Бямбадоржийг хүлээн авч уулзлаа.
Харүмафүжи аварга өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв аймгийн Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан өвс тариалах ажлаас аж ахуйгаа эхэлсэн юм. Тэрээр хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц цогц ферм хөгжүүлэхийг зорьж буй юм.
Тус ферм нь нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү саах боломжтой Францын сүүний чиглэлийн 60 гаруй Монбельярд үүлдэрийн үхэртэй бөгөөд үхрийн баасыг хуримтлуулж, бордоо болгон ашигладаг буюу уг ферм нь огт хог хаягдалгүй, эко эрчимжсэн мал аж ахуй аж.