Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад төрийн айлчлал хийж буй. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Бартош Сергей Иванович, Аж үйлдвэрийн сайд Рогожник Александр Николаевич болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай уулзалт хийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах таван санамж бичгийг үзэглэсэн.
Нийт 1200 үнээ бүхий ‘’Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор’’ хоёр аж ахуй байгуулах бүтээн байгуулалтын шав тавих болон орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр бий болгох судалгааны ажлаар Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
Тус хоёр аж ахуйг Сэлэнгэ аймагт байгуулах бөгөөд сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үхрийн чанар, нэгжээс авах ашиг шим, үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү импортыг бууруулах цаашид экспортыг дэмжих зорилготой.
Мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтарсан трактор угсрах “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат компанийг Монгол Улсад байгуулах, Малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуй салбарт боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, шинэ үр тариа, сорт ханган нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.