Мал Эмнэлэгийн Ерөнхий Газар (МЭЕГ) нь 2024 онд “Шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хөтөлбөр”-ийг боловсруулж, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д хүргүүлж батлуулахаар төлөвлөн ДМАЭМБ-ын Мал амьтны өвчний Шинжлэх ухааны комиссын ерөнхийлөгч, доктор Кристобал Зепеда (Dr Cristóbal Zepeda) болон бусад холбогдох төлөөлөгчидтэй албан ёсны уулзалтыг хийсэн байна.
Монгол улсад шүлхий өвчинтэй тэмцэхээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгөх, харилцан санал солилцох, тус өвчний албан ёсны хөтөлбөрийг боловсруулахад ДМАЭМБ-ын зүгээс зөвлөгөө авах зорилгоор уулзалтыг зохион байгуулсан.
Уулзалтын төгсгөлд доктор Кристобал Зепеда нь Монгол улсын шүлхий өвчинтэй тэмцэх ажилд гарч байгаа ахиц дэвшлийг онцлон тэмдэглэж баяр хүргэж цаашид бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.