Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн С.Замира болон холбогдох яамд, эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэд, шинжилгээ, судалгааны байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцов.
Энэ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар: “Дэлхий нийт, Монголчууд бид иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангахад пестицидийн асуудлыг гол болгож байна гэхээр олон төрлийн хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн эрдэмтэд тогтоосон. Жирэмсэн эхчүүд болон тариаланчдын пестицидийн хордлогын хэмжээ бараг 50 хувьд хүрсэн. Хоёр хүний нэг нь хордлогод орчихлоо гээд дэлхий нийт зарлаж байна.
Бид үүнийг хяналтдаа авч ямар пестицидийн төрлийн хүнс хэрэглэж байгаа гэдгээ тодорхойлох асуудал байна. Гаалийн байгууллага дээр очиход пестицидийн хяналт сул байна.
Цаашдаа нэг жилийн хугацаанд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж эрүүл орчин, эрүүл хүнсээр хангах тогтолцоог бий болгон ажиллана. Ингэхдээ:
- Хууль эрхзүйн асуудлыг шийдэх
- Хүний нөөцийг чадавхжуулан, нэмэгдүүлэх
- Санхүүжилт, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх
- Дэд бүтцийн асуудлыг чухалчлан зөв хуваарилалт, зохицуулалт хийх
- Ард түмний мэдлэг боловсролыг дээшлүүлэн зөв дадал зуршлыг хэвшүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ” гэлээ.
Мөн өнөөдрийн хурлаас үүссэн асуудалд шуурхай арга хэмжээ авч, эрүүл аюулгүй хүнсийг бий болгохын тулд төр болон хувийн хэвшлийн оролцоог улам эрчимжүүлэн хамтран ажиллаж, төлөвлөгөө боловсруулна гэдгийг талууд онцоллоо.