
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш нарын уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг бүтээлийн “ART & CRAFT-2025” уран бүтээлийн 14 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр “ОРД” арт галерейд боллоо. Үзэсгэлэнд тавигдсан багш нарын туурвисан гайхамшигтай бүтээлүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа.

“ART & CRAFT-2025” үзэсгэлэнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн уран бүтээлч багш нарын ур ухаанаар бүтсэн 70 орчим бүтээл дэлгэгдэж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь ардын өв соёл уламжлал, тууж домгийн урлагийг орчин үеийн өнгө шийдэлтэй хослуулан уран бүтээлээрээ дамжуулан хүүхэд залуучуудад монгол урлахуйгаар бахархах, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг бий болгох, сурталчлан таниулахад оршино.