
Аймгийн Онцгой комиссын хурал болж, Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, зарцуулалт болон хаваржилтын талаар мэдээлэл өгч, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ оны хувьд цаг агаарын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 337.6 тонн өвс, 90 тонн тэжээл бэлтгэсэн бөгөөд 19 сумын хэмжээнд нийт 614 тонн өвс, 174 тонн ногоон тэжээл, 235 тонн үйлдвэрийн тэжээл нөөцөлсөн байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөд хадгалагдаж байгаа 11.0 мянган ногоон тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр 5,000 төгрөгөөр худалдан борлуулах шийдвэр гарлаа.
2024-2025 оны өвөлжилт, хаваржилтад аймгийн хэмжээнд 5.1 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс төллөвөл зохих 2.0 сая хээлтэгчийн 28.5 хувь буюу 584.8 мянган мал төллөсөн бөгөөд төл бойжилт 99.6 хувьтай байна. Мөн төл малын хорогдол 2,282 буюу 0.04 хувьтай байгаа бол том малын зүй бус хорогдол 2,035 буюу нийт малын 0.04 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуйн газар