
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар /2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 53 дугаар тушаал/ байгуулагдсан хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр /2025.04.09/ Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал,дотоодын болон импортын жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа эсэхэд лабораторийн шинжилгээ хийж ажиллана.

Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг учраас хамтарсан хяналт шалгалтын баг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудын агуулах, зооринд шалгалт хийн, энэ онд тариалах үрээс дээж аван, лабораторийн шинжилгээ хийж, пестицидийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж ажиллах юм.
Хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Стандарт, хэмжил зүйн газар, Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Ургамал хорио цээрийн болон Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн төлөөллүүд багтаж байна.


