
Сүхбаатар аймагт өнгөрсөн жил ноолуур нэг колограмм нь 180 мянган төгрөг хүрч байсан бол энэ жил анхны үнэ 158 мянгаар эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар 153 мянган төгрөгийн үнэтэй байна.
Жилийн эцсийн мал тооллогоор тус аймаг 864 мянган толгой ямаа тоолуулсан. Энэ хаврын тухайд 350 тонн орчим ноолуур авах тооцоо гарчээ.
Малчид ямаагаа самнах, ноолуураа тушаах ажил ид өрнөж байна. Энэ жил өвөл өнтэй байсан тул ямааны тарга тэвээрэг, ноолуурын гарц сайн байна. Харин үнийн хувьд хэлбэлзэлтэй байгаа нь малчдад хүлээлт үүсгэж байна. Гэхдээ одоо байгаа ханшаар ноолуураа өгч байх нь зөв гэдгийг малчдад зөвлөмөөр байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир ярилаа.
Сүхбаатар аймаг жилд 500 тонн ноолуур авдаг ч өнгөрсөн жил хоёр сая орчим мал хорогдсонтой холбоотойгоор ямааны тоо болон ноолуурын хэмжээ ийнхүү эрс буурчээ.