
“Жимекс” ХХК сүүлийн жилүүдэд орон нутагт туршилтаар тутарга /цагаан будаа/ тариалж байгаа юм. Энэ жилээс эхлэн Ховд аймгийн Булган суманд тутаргын долоон сорт туршилтаар тарихаар бэлтгэл хангажээ. Амжилттай хэрэгжвэл цаашид үргэлжлүүлэн ажиллахаар зорьж буй.
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр “Жимекс” ХХК-ийн захирал Ж.Ганхуяг, БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр /Копиа монгол төв/, Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын захирал У Мён Гюү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Булган суманд тутарга тариалах, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Ховд аймагт ирэх дөрвөн жилд усалгаатай газар тариаланг орон нутагт түлхүү хөгжүүлж, тариалалтын талбайг 10 мянган га-д хүргэхээр зорьж байгаа. Үүнд талуудын хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа онцоллоо.
эх сурвалж: montsame.mn