
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайгийн санаачилсан “Хөдөө аж ахуйн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг авах хоёр дахь хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай хуулийн төслийг боловсруулсан эрх зүйн үндэслэл, бодит нөхцөл байдлын шаардлагыг дэлгэрэнгүй танилцуулж, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөв.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.

Төслийн үзэл баримтлалд дурдсанаар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл байгаль, уур амьсгалын эрсдэлд эмзэг, түүхий эдийн чанар, өртөг шингээлт сул, дотоодын үйлдвэрлэл гадаад зах зээлтэй өрсөлдөх чадваргүй байгаа зэрэг асуудлуудыг цогцоор нь авч үзэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай:
Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг эрчимжүүлж, үр нөлөөтэй болгох зорилгоор Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь манай улсын хүн амын гол нэрийн хүнс, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн зонхилох хэрэгцээг хангаж, хүнс, хөнгөн аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортод шууд болон дам хэлбэрээр онцгой үүрэг гүйцэтгэдэг салбар билээ.
Иймд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх бүс нутгийг тодорхой болгох, түүхий эд, бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо, бүртгэл, хяналтыг сайжруулах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс эрүүл бүс тогтоох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээ авах, үйлдвэрлэлийн цар хүрээ, чиглэлээс хамаарч төрөө үзүүлэх дэмжлэгийн шалгуур, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэв.




