
ЭМЯ-ны хүсэлтээр ДЭМБ Монгол Улсын электрон тамхины зах зээл, хэрэглээ, нэн ялангуяа маркетингийн стратеги хүүхэд залуус электрон тамхи хэрэглэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажлыг захиалж гүйцэтгүүллээ.
Судалгаанд Улаанбаатар хотын төвийн болон захын дүүргүүдэд орших ерөнхий боловсролын зарим сургууль, кино театр, парк, дэлгүүр худалдааны төв зэрэг хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг нийтийн эзэмшлийн цэгүүдийг хамруулжээ.
Уг судалгаанд хамрагдсан сурагчдын дийлэнх нь электрон тамхийг ямар нэг байдлаар хэрэглэж үзсэн, тогтмол хэрэглэдэг, сургууль, гэрийн ойролцоох хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой, электрон тамхи татах нь цаг үеэ дагасан, загварлаг байдаг, олны танил хүмүүс хэрэглэж байгааг харахад “күүл харагддаг” гэх мэт хариултыг нийтлэг сонгож хариулсан байна.
Түүнчлэн 2025 оны байдлаар зах зээлд нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байгаа нь 2020 онтой харьцуулахад нэр төрлийн хувьд огцом өссөн үзүүлэлт юм.
Судалгааны эцсийн тайлан удахгүй бэлэн болох ба судалгааны дүнд үндэслэж эрүүл мэндийн бодлого боловсруулагчдад тодорхой зөвлөмж, интервенциүдыг санал болгоно гэж ЭМЯ-аас мэдээллээ.