
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ны хүрээнд баруун бүсийн тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, Баян-Өлгий аймгийн 13 сумын удирдлагууд, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд болон сум тус бүрээс тариаланчдын төлөөлөл болох 150-иад хүн оролцож мэдээлэл солилцлоо.
Зөвлөгөөнөөр, газар тариалангийн салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Ховд аймтагт газар тариалан эрхлэх боломжийн талаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Сандагсүрэн, газар тариалангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Очир нар мэдээлэл хийлээ.
Мөн зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, Ерөнхий сайдын санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын “Атрын 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэн ажиллах, цаашид баруун бүсийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох талаар хэлэлцлээ.
эх сурвалж: монцамэ.мн