
Тархи бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн бөгөөд тархины ачаар бидний бие организм амьдарч, ажиллаж байдаг гэхэд болно. Тиймээс тархины үйл ажиллагаа үргэлж сайнаар нь хадгалах шаардлага тулгарч байгаа юм. Гэтэл зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь ой тогтоолт, сэтгэл санаа зэрэгт сөргөөр нөлөөлж тархины үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Эрдэмтдийн дэвшүүлж буй таамгаар 2030 он гэхэд дэлхий даяар нийт 65 сая хүн сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэлтэй гэнэ. Ингээд бид танд тархи хамгаалахын тулд аль болох татгалзах эсвэл бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.
1. Их хэмжээний элсэн чихэр агуулсан ундаа
Энэ төрлийн уух зүйлд хийжүүлсэн ундаа, энергийн ундаа болон жимсний шүүс багтдаг бөгөөд эдгээрийг тогтмол хэрэглэхэд та жингийн илүүдэлд хүрээд зогсохгүй чихрийн шижин, зүрхний өвчин тусах магадлал өндөр юм. Үүнээс гадна Альцгеймерийн өвчин ч тусах эрсдэлтэй. Эдгээр уух зүйлсийн үндсэн найрлага нь эрдэнэ шишийн сироп байдаг бөгөөд 55% фруктоз, 45% глюкоз агуулсан байдаг. Фруктозыг хэтрүүлэн хэрэглэх үед жин нэмэх, цусны даралт ихсэх, цусан дахь сахрын түвшин ихсэх, артерийн судасны үйл ажиллагаа алдагдах аюултай. Эцэст нь энэ бүхэн даамжирсаар ой тогтоолт муудах, сэтгэцийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Амьтан дээр хийсэн туршилтаас харахад фруктозыг их хэмжээгээр хэрэглэх нь бие организмын нисулин эсэргүүцэх чадварт сөргөөр нөлөөлж, тархины үйл ажиллагаа алдагдах, ой тогтоолт муудах, шинэ мэдрэлийн эс үүсэхэд саад учруулж байсан гэнэ. Үүнээс гадна их хэмжээний элсэн чихэр хэрэглэж байсан хархны эрүүл мэндийн үзүүлэлт тийм ч таатай байгаагүй гэнэ. Бас нэгэн судалгаагаар фруктоз хэрэглэж байсан хархны хувьд жингийн илүүдэлд хүрч, цусан дахь сахрын түвшин ихсэж, бодисын солилцоо нь алдагдсан байна. Тиймээс чихэрлэг ундаа хэрэглэхийн оронд мөстэй цай, ногооны шүүс болон чихэргүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.
2. Цэвэршүүлсэн нүүрс ус
Цэвэршүүлсэн нүүрс усанд элсэн чихэр, боловсруулсан үр тариа буюу гурил багтана. Энэ төрлийн нүүрс ус нь ихэнхдээ гликемикийн индекс GI (чиний идсэн хоол хүнсний цусан дахь сахрын хэмжээнд хэрхэн нөлөөлөхийн үзүүлэлт GL) нь өндөр байдаг бөгөөд энэ нь амархан шингэж, цусан дах сахар болон инсулины хэмжээг ихэсгэх магадлалтай гэсэн үг юм. GI болон GL өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан байна.
Оюутнууд дээр хийсэн судалгаанаас харахад хүнсэндээ өөх тос ихтэй, цэвэршүүлсэн элсэн чихэр ихээр хэрэглэж байсан хүмүүсийн ой тогтоолт муу байсан бөгөөд тархины гиппокама буюу ой тогтоолтод нөлөөлдөг хэсэг гэмтэж байсан гэнэ. Ийнхүү уг хэсэг гэмтсэнээр ой тогтоолт муудах, тархины үйл ажиллагаа алдагдах, Альцгеймерийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Жишээлбэл: Өдрийнхөө илчлэгийн 58%-ийг нүүрс ус хэлбэрээр авдаг өндөр настнуудын дунд судалгаа хийхэд тэдний ой тогтоолт муудах, тархины үйл ажиллагаа алдагдах эрсдэл 2 дахин ихэссэн байжээ. Үүнээс гадна нүүрс ус ихээр хэрэглэдэг 6-7 насны хүүхдүүдийн ой тогтоолт, сэтгэн бодох чадвар нь үеийн хүүхдүүдээсээ муу байсан гэнэ.
GI багатай эрүүл нүүрс ус нь жимс, үр тариа болон шошид агуулагдсан байдаг бөгөөд тархины үйл ажиллагаа алдагдахаас сэргийлж, тархийг хамгаалдаг байна.
3. Транс тос ихээр агуулсан бүтээгдэхүүн
Транс тос гэдэг нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ханаагүй өөх тос юм. Амьтны гаралтай болон сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагдах транс тосыг тохируулан хэрэглэвэл эрүүл мэндэд төдийлөн муугаар нөлөөлөхгүй. Харин үйлдвэрийн гаралтай транс тос жишээлбэл ургамлын тос нь асуудалд хүргэдэг. Энэ төрлийн тос нь маргарин, чихэр, бялуу, зууш гэх мэт зүйлст агуулагдсан байдаг. Судалгаанаас харахад их хэмжээний транс тос хэрэглэдэг хүмүүс Альцгеймерийн өвчин тусах, ой тогтоолт муудах, тархины хэмжээ нь жижиг, сэтгэн бодох чадвар муутай байсан гэнэ. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг аж.
Гэхдээ бүх тос эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй бөгөөд жишээлбэл: омега-3 нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, сэтгэн бодох чадварыг сайжруулахад тусалдаг байна. Мөн тархины үрэвслийн эсрэг нэгдлүүдийн шүүрлийг нэмэгдүүлж, ялангуяа өндөр настай хүмүүсийн дархлааг дэмжихэд тустай. Энэ төрлийн өөх тос нь загас, чиа үр, маалингын үр, хушга зэрэгт агуулагдсан байдаг.
4. Хэт их боловсруулсан бүтээгдэхүүн
Хэт их боловсруулсан бүтээгдэхүүн нь элсэн чихэр, өөх тос болон давсны агууламж өндөртэй байдаг. Үүнд чипс, амттан, бэлэн гоймон, попкорн, дэлгүүрийн сүмс болон халаагаад л идэх боломжтой бүх төрлийн хоол багтана. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хэдийгээр илчлэг өндөртэй байдаг ч тэжээллэг чанар маш муутай байдаг. Үүнээс гадна жин нэмэхэд нөлөөлдөг. Эрдэмтэд нийт 243 хүнийг хамруулсан судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар дотор эрхтний өөхлөлт үүсэж байгаа шалтгаан нь тархины эд эс гэмтсэнтэй холбоотой болохыг батласан байна. Бас өөр нэгэн 130 хүн оролцсон судалгаагаар бодисын солилцооны бага зэргийн өөрчлөлт л тархины хэмжээ жижигсэх, үйл ажиллагаа алдагдахад нөлөөлдөг болохыг баталжээ. Үүнд: бодисын солилцооны өөрчлөлт, дааврын өөрчлөлт, зүрх судасны өвчлөл зэрэг багтдаг. 52 хүн дээр хийсэн эрдэмтдийн судалгаанаас харахад эрүүл бус бүтээгдэхүүнийг тогтмол хүнсэндээ хэрэглэх нь бодисын солилцоог удаашруулж, тархины эд эсийн хэмжээг бууруулсан нь багтлагдсан бөгөөд энэ нь Альцгеймерийн өвчний эх үүсвэр болдог. 18080 хүн хамрагдсан судалгаанаас харахад их хэмжээний шарсан мах болон бэлэн даршилсан махыг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь ой тогтоолтод муугаар нөлөөлдөг нь батлагдсан байна.
Энэ төрлийн хоолны дэглэмийг 8 сарын турш барьж байсан хархнуудын ой тогтоолт муудаж, аливаа зүйлийг сурах чадваргүй болж байсан бол бусад хархны тархи болон биеийн цусны эргэлтийн тогтолцооны хооронд байрладаг мембран нь хамгаалалт гэмтсэн байжээ. Энэхүү хамгаалалт нь тархинд гаднын биет нэвтрэхээс хамгаалдаг. Тиймээс та хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг хүнснээсээ хасаж оронд жимс, самар, үр, шош, мах, загас зэргийг хэрэглээрэй.
5. Аспартам
Аспартам бол элсэн чихэр агуулаагүй гэх тодотголтой бүтээгдэхүүнд хэрэглэдэг чихэр орлуулагч юм. Чихрийн шижин өвчтэй, жин хасаж байгаа хүмүүс ихэнхдээ элсэн чихрийн оронд энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үздэг. Гэвч аспартам нь тархины танин мэдэхүйн хэсэгт сөргөөр нөлөөлдөг байна. Уг бүтээгдэхүүнийг фенилаланин, метанол, аспарагины хүчлээр хийдэг. Фенилаланин гэдэг нь эхний хэсэгт дээр дурдсан тархи болон цусны эргэлтийн хоорондын хамгаалалтын мембраныг гэмтээж, цахилгаан химийн импульс дамжуулдаг биологийн идэвхт химийн бодисын үйлдвэрлэлтийг саармагжуулдаг. Үүнээс гадна аспартам нь стресст хүрэхэд нөлөөлдөг байна. Өдөрт нэг кг тутамд 25мг аспартам хэрэглэж буй хэрэглэгчид судалгаанд хамрагдах үед судалгааны төгсгөлд тэд ууртай, зарим нь сэтгэл санааны гүн хямралд орсон, тархины үйл ажиллагаатай холбоотой тестийг бөглөхдөө тааруу байсан гэнэ. Аливаа судалгаанд ихэнхдээ хархыг хамруулдаг гэдгийг бид мэддэг бөгөөд энэ удаад ч мөн харх туршилтад орсон байна. Туршилтаар аспартам хэрэглэж байсан хархнуудын ой тогтоолт муудаж, тархи дахь антиоксидантын тэнцвэртэй байдал алдагдаж байжээ. Судалгааны үр дүнгээс үл шалтгаалж аспартам нь эрүүл аюулгүй чихэр орлуулагчийн тоонд багтсан хэвээр байгаа бөгөөд нэг кг тутамд 20гр хэрэглэж болох гэнэ. Харьцуулахад: нэг уут чихэр орлуулагч 35мг аспартам агуулсан байдаг бол 340мл чихэргүй кола 180мг аспартам агуулсан байдаг аж.
6. Согтууруулах ундаа
Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь эрүүл мэндэд тийм ч сөрөг үр дагаврыг авчрахгүй. Харин хэтрүүлэн хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд тархины хэмжээг багасгаж, бодисын солилцоог удаашруулж, мэдрэлийн эс шинээр үүсэхэд саад учруулдаг байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд В1 амин дэмийн дутагдалтай байдаг. Энэ нь тархи хүчилтөрөгчийн дутагдалд орох, цусан хангамж муудахад нөлөөлдөг бөгөөд эцэст нь Корсаковын синдром буюу архаг хэнээрхэл өвчин тусах нөхцөлд хүргэдэг байна.
Жишээлбэл: Энэ тохиолдолд хэнээрхэлтэй хүн уйтгарлаж байгаа хүмүүст төдийлөн анхаарал хандуулахгүй хэр нь уурлаж бухимдсан хэн нэгнийг харвал тэр галзууртлаа уурлах болно. Энэхүү шинж тэмдэг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэх, бусдын царайг таньж, ялгах чадваргүй болох явдалтай холбоотой. Тиймээс согтуу хүн рүү бага зэрэг ууртай харахад л түүний бухимдал төрдөг гэдгийг санаарай. Үүнээс гадна жирэмсэн байхдаа согтууруулах ундаа хэрэглэх нь хүүхдийн өсөлт, хөгжилд муугаар нөлөөлнө. Өсвөр насны хүүхдүүдийн тархи гүйцэд хөгжөөгүй байдаг учир согтууруулах ундаа хэрэглэх нь тархины хөгжилд мөн сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ согтууруулах ундааг тохируулан хэрэглэж сурах нь эерэг үр дагаврыг ч мөн авчирна. Өдөрт нэг хундага дарс ууснаар зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг бууруулдаг аж.