Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цалуут Импекс” ХХК болон “Эм Си Эс Кока Кола” ХХК, “Үлэмж органик” ХХК, “Баялаг фийд” ХХК, “Гацуурт Хүнс” ХХК зэрэг үндэсний хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын хүнд жилүүдэд үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, олон арван хүний ажлын байрыг хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжихийн зэрэгцээ, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахын төлөө төр, хувийн хэвшил хамтдаа хүчин чармайх нь чухал байгааг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчиддээ татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийн төсөл дээр ажиллаж байна
“Цалуут импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр хоногт 1,000 бог, 250 бод төхөөрч, ангилан боловсруулах хүчин чадалтай. Хоногт 60 тн мах гүн хөлдөөж, 500 тн мах хадгалах агуулахтай. Мөн хоногт 15 тн мах дулааны аргаар боловсруулах цехтэй.
Бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулж, уул уурхайн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлдэг. Иран болон Төв Азийн орнуудад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж, БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор төлөвлөж байна.
Зах зээлд байгаа махны 90 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг бөгөөд энэ эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Иймээс үйлдвэрийн аргаар бэлтгэхийг дэмжих нь зүйтэй гэж “Цалуут импекс ХХК-ийн удирдлагууд үзэж байна.
Тухайлбал төсвийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүд хэрэгцээт махаа мах боловсруулах үйлдвэрүүдээс авдаг байх хувилбарыг санал болгов. Мөн үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал байгааг хэлэв.
Улсын хэмжээнд мал төхөөрөх 100 орчим, мах боловсруулах (хиам) 90 орчим, дулааны аргаар мах боловсруулах 80 гаруй үйлдвэр, цех бүртгэлтэй байна.
2021 онд нийт бэлтгэсэн махны 3.4 хувьтай тэнцэх махыг дотоодын аж ахуй нэгжүүд үйлдвэрийн аргаар боловсруулжээ.
“М-Си-Эс Кока Кола” ХХК нь 21 брэндийн 150 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг бөгөөд 950 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна.
Тус компани нь 2018 оноос “Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр 1-2 төрлийн бүтээгдэхүүний чихрийн агууламжийг бууруулж байхаар төлөвлөжээ.
Компани өнгөрсөн хугацаанд Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, Хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулаад байна. Мөн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх хуванцар саваа дахин боловсруулах зорилт тавьж, “Хуванцрын хаягдалгүй дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай гүйцэтгэх захирал Л.Мягмаржав танилцуулав.
Хүнсний тухай хуулийн “импортлох хүнсний хадгалах хугацааны 2/3 нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг мөрдөхөд тээвэрлэлт, хил, гаалийн асуудлаас шалтгаалан хүндрэл үүсэж байна. Иймээс импортлох хүнсний түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэж, хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэллээ.
Ирэх таван жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээ хангаж, улмаар экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.
Иймээс төр, засгийн зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаатай, хүү багатай зээл олгох, татварын бодлогоор дэмжих гээд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
“Үлэмж органик” ХХК 11 нэр төрлийн 30 шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. “Монтаримал” ХХК-ийн ферм нь жилд 370 гаруй тн сүү, 7 тн мах үйлдвэрлэдэг. Мөн 310 га талбайд тэжээлийн манжин, овъёoс, вандуй, арвай зэрэг тэжээлийн ургамал тариалж, жилд 700 тн дарш, 550 тн ногоон тэжээл, 100 тн байгалийн хадлан бэлтгэдэг байна.
Улаан буудайн болон сүүний урамшуулал өгч байгаа нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болж байгааг “Үлэмж органик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Далайжаргал хэллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байгааг хэлэв.
Цаашид малын тэжээл, бордоог НӨАТ-аас чөлөөлөх, хуурай сүүний импортыг бууруулах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл аж ахуйн нэгжүүд ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чадна гэж үздэгээ Ерөнхийлөгчид танилцуулав.
“Баялаг фийд” ХХК 2018 оноос эрчимжсэн аж ахуйн нэгжүүдэд уураг, амин дэм, витаминаар баялаг бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Үйлдвэр нь өдөрт 240 тн, сард 5,000 тн бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Өндөглөгч шувууны 50 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй иргэнд сар бүр 600 тн өндөглөгч шувууны тэжээл борлуулдаг. Мөн махны шувуу, гахай, адуу, үхэр, хонины аж ахуйнуудад тэжээлээ нийлүүлдэг байна.
Дотоодын аж ахуйн нэгжүүд шувууны тэжээлийн зах зээлийг 100 хувь хангадаг юм байна.
“Гацуурт Хүнс” компани нь хүнсний ногоо, гурилын үйлдвэрлэл, мах дайвар бүтээгдэхүүн, зөгийн бал савлах үйлдвэр, хүнсний худалдаа, худалдаа нэрийн дэлгүүр чиглэлээр дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах их үйлст зүтгэн ажиллаж байгаа үндэсний томоохон баялаг бүтээгч юм.
Тус компани 668 га талбайд 25 нэр төрлийн 150 сорт төмс, хүнсний ногоо тариалж 10000 тонн ургац хураан авч байна. Монголчуудын голлох хүнсний ногоо болох төмс, лууван, манжин сонгино, байцаа, сармис тариалахаас гадна өргөст хэмх, улаан лооль гэх мэт нарийн ногоог тодорхой хэмжээгээр хүлэмжинд тариалдаг.