Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа өндөгний аж ахуй эрхэлж, нутгийн иргэдийг өдөр бүр шинэ өндгөөр хангаж шинэ ажлын байрыг бий болгож буй нутгийн үйлдвэрлэгч “АГИН өндөг” ХХК-ийн тахианы аж ахуйтай танилцлаа.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт байрлалтай “Агин” өрхийн шувууны аж ахуй нь нийт 3500 өндөглөгч тахиатай, өдөрт 3000 ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна.
2010 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тус үйлдвэр нь орон нутгийнхаа нийт өндөгний хэрэглээний 5 хувийг хангадаг. Мөн 10 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж байгааг үүсгэн байгуулагч Э.Амгаланбаатар ярилаа.
“Агин өндөг” тахианы аж ахуй нь аймгийнхаа итгэмжлэгдсэн лабораторид улирал тутам бүтээгдэхүүнийхээ дээжийг өгч шинжилгээгээр баталгаажсан өндгийг нийтийн хэрэгцээнд нийлүүлж байна.