Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ирэх таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортлогч орон болох зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай өрнүүлж байна.
Тус хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг 21 аймагт хэсэгчлэн зохион байгуулж байна.
Тэгвэл нийслэл Улаанбаатар хотод 11 сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ болно. Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн салбар, Ногоон хөгжил болон Агаар бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Мөн Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид өнгөрөгч 10 сард Төвийн бүсийн аймгуудад /Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон/ тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бол 10 сарын 31-нээс 11 сарын 3-ны өдөр Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаар үргэлжиллээ.