Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК болон Монголын махны холбоо хамтран “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг өчигдөр байгууллаа.
Санамж бичгийн дагуу:
- Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын дагуу бэлтгэгдсэн мал, махыг малчид, хоршоодоос мал төхөөрөх үйлдвэрт биржээр дамжуулан арилжих, цахим дуудлага худалдаа зохион байгуулах;
- Мал, мах худалдах жишиг үнийн мэдээллийг гаргаж байх;
- Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 54 баримт бичгийг бэлтгэдэг байна.
ХХААХҮЯ-наас “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем” нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем”-д тэдгээр байгууллагуудыг холбож, давхардал үүсэж буй баримт бичгийн мэдээллийг экспортлогч аж ахуйн нэгж 1 удаа оруулах боломжийг бий болгож, улмаар төрийн байгууллагын уялдаа холбоог ханган баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлага, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь махны жишиг үнэ тооцоолох аргачлалыг гулууз мах, цул мах, экспортын хөлдөөсөн мах болон экспортын дулааны аргаар боловсруулсан мах гэсэн нэр төрөл тус бүрээр “Өртөг, зардлаас тооцох арга”-аар тооцоолон гаргаад байна.
Бирж нь махны үнийн мэдээллийг тогтсон хугацааны давтамжтайгаар зах зээлд мэдээлэх бөгөөд түүнийг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгж үнийн тооцооллоо гаргаж худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг гүйцэтгэнэ. Ингэснээр Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаад зах зээлд нэмэгдүүлэх, үнийн доод хязгаарыг тогтоох улсын бодлогыг хэрэгжүүлэх хөшүүрэг болох юм.