Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан албаны төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Баруун хошуун дахь Ингэний сүүний үйлдвэр, ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн удирдлага тэмээ судлалын чиглэлээр 30 гаруй жил дагнан ажиллаж буй нэрт эрдэмтэн, профессор Б.Журамттай холбоо тогтоож, түүнийг түшиглэн Баянхонгор аймгийн ингэний сүүний үйлдвэрийн байгууламж, ажиллах боловсон хүчин – технологич нарыг сургах, туршлага судлуулах асуудлаар харилцан тохиролцож, Баянхонгор аймагтаа үйлдвэрлэсэн ингэний сүүг технологийн дагуу Хятадын зах зээлд нийлүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Жич: Баруун хошуун дахь тэмээ судлалын үндэсний хүрээлэнд тавигдсан тэмээний сүү, мах, ноос зэргээр бүхий л түүхий эдийг ашиглан боловсруулсан эрүүл мэндэд нэн тустай хуурай сүү, хүүхдийн сүү, гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн, хоол хүнс, эд ахуйн зүйлүүдийг дэлгэсэн байдлыг харуулав.
Баянхонгор аймаг хил залгаа их гүрний томоохон муж улстай хамтран ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжил, эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, төлөвлөсөн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх ажлаа эхлүүлээд байгаа талаар аймгийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.